Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд баруун аймгуудын хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих зорилготой олон ажил санаачлан хэрэгжүүлж буй. Тэд энэ онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумыг хөлбөмбөгийн талбайтай болгох зорилт дэвшүүлжээ. Эл талбайг Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан стандарт, шаардлагын дагуу байгуулж, тус сумын ерөнхий боловсролын сургуульд хариуцуулах гэнэ. Талбайн хэмжээ, тэмдэглэгээ, хиймэл зүлэг, ус зайлуулагч, дүүргэвч, жийргэвчийг хэрхэн хийх төлөвлөгөөг олон улсын жишгийн дагуу боловсруулсныг төслийнхөн дурдлаа. Хөлбөмбөгийн талбайн гүйцэтгэлийн ажлыг ирэх сарын 20-ноос эхлүүлж, гурван сарын хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй аж.