БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун сансрын агентлагтаа зочлохдоо тус улс бүс нутагт нь байгаа АНУ-ын цэрэг, тэднээс хараат хүчнүүдийн мэдээллийг цуглуулах, тагнуулын хиймэл дагуул бүтээж буйг мэдэгджээ. Саяхан явуулсан туршилтуудын үеэр сансраас зураг авах арга, өндөр нарийвчлалтай гэрэл зургийн төхөөрөмжийн гүйцэтгэл, зураг дамжуулах системийн найдвартай байдал баталгаажсанд тэрбээр сэтгэл хангалуун буйг Төв цахилгаан мэдээний агентлаг нь уламжилсан байна. Цэргийн тагнуулын хиймэл дагуул бүтээж, ашиглалтад оруулах нь дайснаа анхааралтай ажиглах, тус улсын талаар явуулж буй үйл ажиллагааных нь мөн чанарыг тодорхойлох стратеги, тактикийн чухал алхам болохыг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Пёньян хот орчмоос дунд тусгалын баллистик пуужинг Япон тэнгис рүү харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо энэ сарын 5-нд мэдээлсэн юм. Пуужин 270 орчим км зам туулж, 560 км өндөрт гарсан билээ. Энэ нь 2022 он гарснаас хойших ес дэх туршилт бөгөөд тагнуулын хиймэл дагуул бүтээхтэй холбоотой болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлэв