БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний тэргүүлэгч “Иргэний хүч” намаас нэр дэвшсэн Юн Сок Ёль ялсныг Сонгуулийн төв комиссоос нь мэдээллээ. Тэрбээр 48.5 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч, эрх баригч, ардчилсан “Тобуро” намаас нэр дэвшсэн И Жэ Мён 47.8 хувийн санал авчээ. Сонгуулийн ирц 77.1 хувьтай, нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 44.1 сая сонгогчийн 34 сая гаруй нь саналаа өгсөн байна. Юн Сок Ёль ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлэхийг тэргүүлэх зорилтоо болгож буйг парламентдаа, тус улсын намуудын удирдлагуудын өмнө үг хэлэхдээ онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ. Төрийн тэргүүний хувиар “Үндсэн хууль болон Үндэсний ассамблей (парламент)-н үзэл санааг хүндэтгэн, сөрөг хүчинтэй хамтран ажиллаж, ард түмэнд үйлчилнэ” гэсэн байна. Тэрбээр 1960 онд Сөүлд мэндэлжээ. Түүний аав нь Йонсей, Хитоцүбаши их сургууль төгсөж, багшаар ажиллаж байгаад хожим нь Солонгосын статистикийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн. Ээж нь гэрлэх хүртлээ эмэгтэйчүүдийн Ихва их сургуульд багшилж байжээ. Юн Сөүлийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцсан. Гванжүгийн бослогын дараахан хамтрагчдын хамт хуурамч шүүх хурал хийхдээ Юн Ерөнхийлөгч Чон Ду Хванд цаазаар авах ял оноохыг шаардсан яллагчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Үүний дараа тэрбээр Канвон муж руу зугтжээ. 1982 онд Юн харааны гажгийн улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөж, мөн энэ байдлаас болж жолооны үнэмлэх авч чадаагүй гэнэ. Их сургуулийн дөрөвдүгээр дамжаанд сурч байхдаа өмгөөлөгчийн шалгалтын эхний хэсэгт тэнцсэн ч хоёр дахьд унажээ. Дараагийн есөн жил энэ байдал үргэлжилсэн гэнэ. Үүний шалтгаан тодорхойгүй ч Ерөнхийлөгчийн эсрэг хийсэн хуурамч шүүх хуралтай холбоотой гэж үздэг байна. Ингээд 1991 онд л өмгөөлөгчийн гэрчилгээгээ авчээ. Ажлын гараагаа Юн 1994 онд Тэгү хотын Прокурорын газраас эхэлж, авлигын хэрэг шалгадаг Тусгай газар, Мөрдөн байцаах төв газрыг удирдаж байв. 1999 онд тэрбээр Ким Дэ Жуны Засгийн газрын хүнд сурталтнууд эрс эсэргүүцэж байсан ч авлигын хэрэгт холбогдсон комиссарын туслах Пак Хи Воныг баривчилжээ. Мөн Ерөнхийлөгч Ну Му Хёны талын Ан Хи Жон, Кан Гым Вон нарт ял шийтгэсэн аж. 2006 онд “Hyundai moto” компанийн ерөнхий захирал Чун Монгуг авлигын хэргийн хамсаатан хэмээн саатуулжээ. 2008 онд Ерөнхийлөгч И Мён Багтай холбоотой BBK компанийн хувьцааны ханштай холбоотой луйврын хэргийг мөрдөн шалгах бие даасан хуулийн багт ажилласан байна.
2012 онд олон нийтийн санаа бодлыг залилан мэхэлсэн дуулианд Үндэсний тагнуулын газар оролцсон, эсэхийг шалгасан тусгай мөрдөн байцаах багийг Юн 2013 онд удирдаж байжээ. Үндэсний тагнуулын газрын дарга асан Вон Сэй Хуныг Төрийн албан хаагчдын сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргээр яллахыг Юн шаардаж, Хууль зүйн сайд Хван Кё Аныг мөрдөн байцаалтад нь нөлөөлсөн гэж буруутгасан гэнэ. Үүний улмаас тэрбээр тушаал буурч, Сөүлийн прокурорын газраас Тэгү, Тэжон хотын Прокурорын газарт шилжжээ. Дараа нь Юн 2016 онд Чве Сун Силийн (Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз) дуулиант хэргийг мөрдөн шалгах тусгай прокурор Пак Ён Сүгийн багийнхны ажиллагааг удирдсан бөгөөд үүнд “Samsung” компанийн дэд дарга И Жэ Ён болон тэр үеийн Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар оролцсон юм. Улмаар энэ дуулиан 2016 оны арванхоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгчийг огцруулахад хүргэсэн билээ. Юныг 2017 оны тавдугаар сарын 19-нд сонгогдсон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сөүл хотын Төв дүүргийн Прокурорын газрын даргаар томилжээ. Төрийн тэргүүн асан И Мён Бак, Пак Гын Хэ, мөн Үндэсний тагнуулын газрын гурван дарга асан, Ерөнхий шүүгч асан Ян Сон Тэ болон 100 гаруй албан тушаалтан, бизнесийн удирдагч асан Юны үед ял шийтгүүлсэн байна. “Samsung” компанийн нягтлан бодох бүртгэлийн залилангийн хэргийн мөрдөн байцаалтыг ч Юн удирдсан аж.
Түүнийг 2019 онд БНСУ-ын Ерөнхий прокуророор томилсон боловч жилийн дараа Хууль зүйн сайд Чу Ми Э нь ёс зүйн дүрэм зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хамтран зүтгэгч, гэр бүлийн гишүүдийг нь мөрдөн шалгахад хөндлөнгөөс оролцсон хэмээн огцруулжээ. Эл шийдвэрийг Юн Сок Ёль эсэргүүцэн тэмцэж байгаад өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-нд огцрох хүсэлтээ Ерөнхийлөгчид өргөн барьснаар дууссан байна. 2020 оны нэгдүгээр сараас хойш явуулсан олон нийтийн санал асуулгууд Юныг 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол нэр дэвшигч болох магадлалтайг харуулж байжээ. Тиймээс өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Юн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлаж, дараа сард нь бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн байна. Долдугаар сарын 30- нд тэрбээр консерватив “Ардын хүч” намд элсжээ. Үүнээс өмнө улс төрийн аль нэг хүчнээс ангид байсан ч түүнийг дэмжигчид нь голчлон консерваторууд байсан аж. Ингээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болжээ.