Францын өмнөд хэсэгт орших “Маркуль” цөмийн цогцолборт энэ сарын 12-нд дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна. Мөн дэлбэрэлт болсон байранд өөр ажилчид байж магадгүй хэмээн “France Languedoc-Roussillon” телевиз мэдээллээ. Холбогдох албаныхны мэдэгдсэнээр “Маркуль” дахь цөмийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт гал гарсан аж. Ослын газарт аврагчид ажиллаж байгаа бөгөөд дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхт бодис тархсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд дэлбэрэлт болсон газарт шинжилгээ хийж, цацраг идэвхт бодис алдагдсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
Францын Цөмийн эрчим хүчний газар “Одоогоор цацраг идэвхт бодис алдагдсан, түүнд хүмүүс хордсон тохиолдол бүртгэгдээгүй байна” гэлээ. Мөн тэндээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаагүй гэж гадаадын хэвлэлүүдэд бичжээ. “Цацраг идэвхт бодис алдагдаагүй учир тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй” хэмээн Францын Эрчим хүчний сайд Эрик Бессон хэлснийг “Ройтерс” дамжуулав.
Металл хайлуулах зуухны ачаалал хэтэрсэн гэв
“Маркуль” цөмийн цогцолбор дахь металл хайлуулах зуухны ачаалал хэтэрснээс дэлбэрэлт болсон хэмээн мэргэжилтнүүд ослын шалтгааныг тайлбарлажээ. Осол гарах үед үйлдвэрт ажиллаж байсан хүн “08.00 цагийн үед зуухны ачаалал хэтэрснийг илтгэж дохио дуугарч байсан. Харин дэлбэрэлт 11.45 цагт болсон. Зуухны дэргэд байсан ажилчид тэндээс яагаад гарч чадаагүй нь тодорхойгүй” гэж ярьсан байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийнхан ослын талаар нарийвчлан судлахыг Францын эрх баригчдад даалгасан аж. “Маркуль” цөмийн цогцолбор нь Гар мужид Рона голын хөндийд байдаг. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Франц улсын “Areva” хэмээх томоохон компани энэ цогцолборыг ажиллуулдаг юм. Дашрамд хэлэхэд тус улсад цөмийн 58 реактор байдаг аж.
Х.ОД