Украинд байрладаг цэргийн биологийн лаборатори болон тэнд судалж байсан вирусүүдийн талаарх мэдээллээ нэн даруй дэлгэхийг Хятадын Засгийн газар АНУ-д уриалж байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизяний тэмдэглэснээр, Украины нутаг дэвсгэрт Америкийн 26 лаборатори болон бусад ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууламжууд бий гэнэ. “Украин дахь АНУ-ын цэргийн биологийн хөтөлбөрүүд нь мөсөн уулын зөвхөн орой төдий. Биологийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, дэлхийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтран ажиллах нэрийдлээр АНУ дэлхийн 30 орны 336 лабораторийг хянадаг. Америкийн тал ч мөн Форт Детрик дэх лабораторидоо цэргийн биологийн олон судалгаа явуулсан. АНУ-ын жинхэнэ зорилго юу вэ? Тэд яг юу хийсэн бэ?” гэж тэрбээр тодруулжээ. ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков өнгөрсөн ням гарагт хэлэхдээ, Оросын Зэвсэгт хүчин Украинд явуулсан тусгай ажиллагааныхаа үеэр АНУ-аас санхүүжүүлсэн цэргийн биологийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа баримтуудыг илрүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн сарын 24-нд онцгой аюултай эмгэг төрүүлэгч болох тахал, боом, туляреми, холер болон үхлийн аюултай бусад өвчин үүсгэгчдийг яаралтай устгах талаар Украины биологийн лабораторийн ажилтнуудаас мэдээлэл авсан гэсэн байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний Цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кирилловын мэдээлснээр Украинд биологийн 30 гаруй лаборатори бүхий сүлжээ бий бөгөөд захиалагч нь АНУ-ын БХЯ-ны Аюулыг бууруулах агентлаг аж. Тэдгээр лаборатори хоёрдугаар сарын 24-нд Украины ЭМЯ-наас био бодисуудаа бүрэн устгах даалгавар авсан гэнэ. ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр Украин дахь биологийн лабораториудад АНУ-аас 200 гаруй сая ам.долларын санхүүжилт хийжээ.