ОХУ-ын байгалийн хий, нефть, нүүрсний импортод АНУ хориг тавилаа. Энэ мэдэгдлийг угтан нефтийн үнэ өссөн байна. “Brent” маркийн нефтийн үнэ тав гаруй хувиар өсөж, баррель нь 130 долларт хүрэв. Үүнээс эмээж байсан ч дээрх шийдвэрийг Америкийн тэргүүлэгч хоёр нам дэмжжээ. Хориг тавихаасаа өмнө холбоотнуудтайгаа зөвлөлдсөнөө АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдсэн байна. Тэрбээр Цагаан ордонд үг хэлэхдээ байгалийн хийн үнэ нэмэгдэхийг, нефтийн компаниуд ханшаа зүй бусаар өсгөх оролдлого хийхгүй байхыг анхааруулжээ. Британийн Засгийн газар оны эцсээр Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүний импортоос аажмаар татгалзах гэнэ. Энэ нь зах зээл, бизнест шинэ бодит байдалд дасан зохицох болж буй хэрэг бөгөөд Британийн хэрэглээний найман хувийг эзэлдэг Оросын нефтийг орлох бүтээгдэхүүн олох шилжилтийн үе хэрэгтэй аж. Британи нь Оросын эрчим хүчний эх үүсгүүрүүдээс Европын олон орноос бага хамааралтай. Гэсэн ч Оросын дизель түлшний нийлүүлэлт нь хэрэглээнийх нь 18 хувийг эзэлж байна. Европын Холбоо мөн Оросын эрчим хүчнээс хараат байдлаа хязгаарлах арга хэмжээ авч, оны эцэс гэхэд эрэлтээ гуравны хоёроор бууруулна гэж мэдэгдэв. Уг төлөвлөгөөнд шингэрүүлсэн хий худалдан авахаа нэмэгдүүлэх (үндсэн нийлүүлэгчид нь Катар, АНУ), агуулахын нөөцөө зузаатгах, устөрөгч, био хийн үйлдвэрлэлийг ихэсгэх, салхин турбин, нарны цахилгаан станц барих гэнэ. Өнөөдөр Францад болох тус холбооны гишүүн 27 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар нефть, байгалийн хийн хоригийг хэлэлцэх юм. Европын Холбоо Оросын эрчим хүчний эх үүсвэрийг импортлохыг хориглох бодолгүй байгаа тухай Европын аюулгүй байдал, гадаад бодлогын дээд комиссар Жозеп Боррел мэдэгджээ. Оросын шатахуунаас татгалзах нь жирийн европчуудад ихээхэн нөлөөлнө гэж тус холбооноос өмнө нь мэдээлж байсан билээ. Европын Холбооны хамгийн олон хүн амтай, том эдийн засагтай Герман үүнийг эсэргүүцэж байгаа тул хоригийн шийдвэр одоогоор гарах магадлал бага харагдаж буй юм. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бурбокийн хэлснээс үзвэл Герман ОХУ-ын шатахуунаас нэн даруй татгалзвал тээврийн сүйрэлд орох аж.