Туркийн тал зуучилснаар зохион байгуулж буй ОХУ болон Украины Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Дмитрий Кулеба нарын анхны уулзалт Анталья хотод болж байна. Үүний өмнө Америкийн АВС телевизэд ярилцлага өгөхдөө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улс оронд нь аюулгүй байх баталгаа, тухайлбал, Оросоос өгвөл НАТО-д элсэх хүсэлтээсээ татгалзаж, Донбасс болон Крымийн асуудлаар буулт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Москва эдгээр буултад сэтгэл хангалуун байх, эсэх нь одоогоор тодорхойгүй аж. Мөн тус хоёр улс түр эвлэрэх талаар тохиролцож чадаагүй байна.
Сергей Лавров, Дмитрий Кулеба нарын уулзалтад Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу оролцож буй аж. Тэрбээр энэ албан тушаалыг хашаад хоёр жил болсон ч Оросын Гадаад хэргийн сайдтай анх удаа уулзаж байгаа юм. Уулзалтын өмнө тэрбээр нухацтай яриа хэлэлцээ, тэр дундаа Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд харилцах сонирхолтойг Сергей Лавровт уламжлахаар бэлтгэж байгаагаа мэдэгджээ. Тус хоёр улсын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд 2020 оны долдугаар сард утсаар ярьсан. Өнөөгийн нөхцөлд Төрийн тэргүүн нар уулзах нь онцгой ач холбогдолтой гэж Дмитрий Кулеба үзэж байна. Тэрбээр “Украина 24” телевизэд ярилцлага өгөхдөө “Владимир Путин л эцсийн шийдвэр гаргахыг бид бүгд ойлгож байгаа” гэжээ. Хийсэн мэдэгдлээс нь Ерөнхийлөгчөө хяналтдаа байгаа болон байхгүй нутаг дэвсгэртээ бүх нийтийн санал асуулга явуулахыг хүсэж байна гэж Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дүгнэсэн аж. Гэхдээ Украины ард түмэн бууж өгөх, тулгасан шаардлага хүлээн авахад бэлэн биш гэдгийг В.Зеленский онцлон тэмдэглээд, хэлэлцээний ширээнд суухыг В.Путинд уриалсан байна. Үүний дараа Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн Михаил Подоляк “Страна” сонинд ярилцлаг өгөхдөө одоо аюулгүй байдлын асуудал тэргүүлэх зорилт болохыг тодруулжээ. Харин Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө ОХУ Украиныг аюулгүй болгох, өөрөөр хэлбэл, цэргийн дэд бүтцийг нь устгах зорилтдоо хүрэхэд ойрхон болсныг тэмдэглээд, тус улсыг цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна