ФАТФ манай улсыг хар жагсаалтад оруулж, маш том анхааруулгатайгаар буцааж гаргасан. Улмаар тодорхой зөвлөмжүүд өгсөн. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагууд дор бүрнээ дээрх зөвлөмжийг мөрдөх даалгавар авсан. Санхүүгийн зохицуулах хороо дэргэдээ Мөнгө угаахтай тэмцэх тасаг байгуулжээ. Зөвлөмжийг хэр хэрэгжүүлж буй талаар Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамцаас тодрууллаа.
-ФАТФ мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжүүдийг манай улсад өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо өөрийн эрх үүргийн хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллага ФАТФ улс орнуудыг байнгын хяналтдаа байлгадаг. Монгол Улс ФАТФ-аас өгсөн зөвлөмжтэй холбоотойгоор сар, улирал, жилээр нь тайлан гаргаж буй. Энэ бүгдийг нэгтгэж цааш дамжуулах үүрэг нь Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны Санхүүгийн хамтын ажиллагааны зөвлөлд бий. Энэ зөвлөлд манайх багтдаг. ФАТФ улс орнуудад 40 зөвлөмж өгч, техникийн 11 зарчим мөрдөхийг шаарддаг. Эдгээр шалгуураа дөрвөн хэлбэрээр үнэлдэг. Биелсэн, хагасыг нь биелүүлсэн, ихэнх нь биелүүлсэн, биелээгүй гэж ангилдаг. Манайх 2017 онд 40 зөвлөмжөөс тавыг нь огт биелүүлээгүй, заримыг нь 10-ыг нь хагас биелүүлсэн гэх шалтгаанаар хар жагсаалтад орж байсан. Мөн 2019 онд саарал жагсаалтад орсон. Маш олон салбар үүнтэй хамаатай. Санхүүгийн зохицуулах хороо Мөнгө угаахтай тэмцэх алба байгуулаад ажиллаж байна. Байгууллагуудын мэдээ тайланг авах, хяналт тавих чиг үүрэгтэй ажиллаж буй. Мэдээллээ нэгдсэн албаны Санхүүгийн хамтын ажиллагааны зөвлөлд хүргэдэг. Эл зөвлөлд 17 байгууллага багтдаг.
-Танай салбартай холбоотой ямар асуудал байв?
-Манай салбартай холбоотой нь үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийн зах зээл ямар нэг зохицуулалтгүй гэх асуудал байсан. Монгол Улсад үүгээр дамжуулж мөнгө угаах эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс 2020 онд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд дээр салбарт Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт оруулсан. Үүний дагуу манайх журам батлаад байгууллагуудыг бүртгэлжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлийн зах зээлийг зохицуулалттай болгосон. Ингээд нэг зөвлөмж нь биелсэн. Хоёрдугаарт, Виртуал хөрөнгийн салбар зохицуулалтгүй байсан. Үүнд бас зохицуулалт хийж, УИХ хууль баталсан. Ингээд манайтай хамаатай асуудлыг шийдсэн. Ер нь Монгол Улс ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг бүрэн биелүүлсэн.
-Санхүүгийн зохицуулах хороо өдрийн зээлд хяналт тавьж чадаж байна уу?
-Засгийн газраас Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг ид хэлэлцүүлж байна. Эл хуулийг баталчихвал ломбард өдрийн зээл хяналттай болно. Одоо ямар ч хяналтгүй учраас иргэдийн барьцаалсан хөрөнгө нь солигддог, мөнгө хүүлэгч нар дур мэдэн хувь тогтоодог гэх мэт асуудал гардаг. Зохицуулалттай болбол тухайн хохирогч манайд гомдол гаргана, бид шалгана гэх мэтээр дээрх харилцааг зохицуулаад явна. Орон нутаг, орон нутгийн захиргаанд бүртгэл хяналт хийгээд явчихна.