Ливийн Жамахирийн тэргүүн, хурандаа М.Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэж буй Шилжилтийн үндэсний зөвлөл 7-10 хоногийн дотор Засгийн газраа байгуулна хэмээн мэдэгдсэнийг АР дамжууллаа. Босогчдын удирдагч Махмуд Жибриль энэ тухай албан ёсоор зарласан байна. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд бүх муж, хотын төлөөлөл багтана хэмээн тэрбээр онцолжээ. Түүнээс гадна иргэний дайн дэгдсэнээс хойш зогсоод байсан тус улсын газрын тосны үйлдвэр ажиллаж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар БаниВалид, Сирт, Сабха хот М.Каддафийн армийн хяналтад байгаа юм. Эдгээр хотыг эзэлбэл Ливи бүхэлдээ босогчдын мэдэлд шилжих аж. Босогчид төрөө тохинуулахаар зэхэж байх хооронд М.Каддафийн гэр бүлийнхэн Нигер рүү дүрвэж амжжээ. Хурандаагийн эхнэр, охин, хоёр хүүг Нигерийн эрх баригчид өөрийн улсдаа орогнуулж байгаа билээ. Нигерийн Хууль зүйн сайд Мару Армадугийн мэдэгдсэнээр М.Каддафийн гурав дахь хүү Саади мөн тус улсад очоод буй аж. Харин М.Каддафи хүү Сайф-аль Исламын хамт хаана байгаа нь тодорхойгүй байна.
Хурандаа М.Каддафийн Засгийн газарт зүтгэж байсан хүмүүсийн дийлэнх нь өөр улс руу зугтаж, зарим нь босогчдын талд ороод байгаа билээ. Үүний зэрэгцээ Ливийн Тагнуулын албаны дарга Абузед Омар Дордуг өнгөрсөн ням гаригт баривчилснаа босогчид мэдэгдэв.
Х.ОД