Өнгөрсөн онд Нигери улсын өмнөд нутагт мухар сүсгээс үүдэлтэй аллагын тухай мэдээлэл гол сэдэв байлаа. Гэмт хэрэгтнүүд амийг нь хөнөөсөн хүмүүсийнхээ дотор эрхтнийг тарни шившлэг хийх зориулалтаар авч байв. Ийм хэрэгт тодорхой арга хэмжээ авахыг Засгийн газартаа парламент нь уриалах хэмжээнд хүрсэн байна.
Нигерийн Оверри хотын “Отокото” гэдэг зочид буудлын ойролцоо 1996 оны есдүгээр сарын 24-нд уурлаж хилэгнэсэн хүмүүс цугларчээ. Орон нутгийн гэмт хэргээр хөлжсөн хүмүүс ёслол нэрээр цуст аллага үйлдэж буй талаар хүмүүс өөр хоорондоо шивнэлдэх болсоор нэг жил гаруй болсон байв. Ийм үг хэл зүгээр л гараад ирсэн хэрэг биш байлаа. “Отокото”-гийн нэг ажилтныг 11 настай хүүхдийн цогцостой хамт байхад нь баривчилжээ.
Уг цогцсыг зочид буудлын хашаанд булсан бөгөөд түүний хэд хэдэн дотор эрхтэн алга болсон нь энэ хэргийг домчид үйлдсэний маргашгүй шинж тэмдэг байлаа. Үүний дараа зочид буудын эзэн болон тэнд ажиллаж байсан бүх хүнийг баривчилжээ. Гэлээ ч цугласан хүмүүс тарж явсангүй. Тэд зочид буудлыг шатаачихаад Сверри хотын нөлөө бүхий, чинээлэг хүмүүсийн аж төрдөг гудамж руу явцгаав. Барилга байшин, дэлгүүрүүдийг эвдэлж, нураах, тонож дээрэмдэх үйлдэл хоёр хоног үргэлжлэв. Энэ хугацаанд 25 байшин, олон арван машин шатаажээ. Интернэтээр залилан хийж хөрөнгөжсөн залуу саятнууд ийм үйлдэлд илүүтэй өртөж байгаа аж. Нигерид ихэд түгээмэл болсон энэ ашигтай ажлыг Эрүүгийн хуульд байдаг заалтын дугаараар “419” гэж нэрлэх нь элбэг. Хууран мэхлэгчид ихэвчлэн гадаадынхантай сүлбэлдсэн байдаг бөгөөд тэднийг баривчлах нь тун ховор, тиймээс орлогоо халаасандаа байлгахыг цагдаа нар ч, улстөрчид нь ч зөвшөөрдөг байна. Чинээлэг хүмүүсийн таагүй авир, тэдний хөрөнгө, хогшил жам ёсоор бий болсон гэдэгт итгэдэггүй ядуучуудын дургүй эртнээс хүрч иржээ. Нэгэн саятны харшаас шатсан цогцос, өөр нэг байрнаас овоолсон гавлын яс олдсон гэх яриа ч бий аж. Овери хотод хүмүүсээр тахил өргөснийг шүүх нотолжээ. Албан ёсны мэдээллээр бол аллагыг “Хар дигваранз” гэдэг шашны бүлэг үйлдэж буй бөгөөд “Отокото” зочид буудлын эзэн түүнд багтдаг юм байна. Эцэст нь тус шашны бүлгийн олон гишүүнд цаазын ял оноосон ч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй байсаар багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн эхэнд баривчлагдсан зочид буудлын цэцэрлэгч шоронд амиа алджээ. Гэвч орон нутгийн дээд зиндааныхнаас хэн нэгнийг нь илчилчих вий гэхдээ цэцэрлэгчийг зориуд тонилгосон гэж Оверри хотынхон харддаг аж. Тус хотод болсон үйл явдлаас хойш 25 жил өнгөрсөн ч залилан мэхлэгчид нь ч, мөнгөөр үйлддэг бурангуй ёс нь ч хэвээр л байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй 2022 оны эхэн болоход Нигерид ярьдаг гол сэдвийн нэг нь энэ болоод буй юм байна.
Нигерид кибер луйврын орчин цагийн хувилбарыг “йаху-йаху” гэж нэрлэдэг аж. Энэ нь гэмт хэргийн ертөнцийн нэг хэсэг төдийгүй газар сайгүй байгаа залуучуудын дэд соёл бөгөөд түүнд ойртохыг хүүхдүүд сурагч байхаасаа л хүсдэг гэнэ. Өсвөр насныхан тэднийг даган дууриахын тулд хол явах шаардлагагүй. Хамгийн азтай “хийморь”-той яваа “йаху-йаху”-чид тансаг амьдрал, наргиан цэнгээн, өндөр үнэтэй машинаа инстаграм, тик токт гайхуулах тун дуртай. Эдний нэг нь Илориний их сургуулийн социологч Монсурат Исиакад ярихдаа “Бүгдийнх нь толгойг шил дараалан эргүүлэх боломжгүй. Цагаан арьстнууд ухаалаг болсон, тэд интернэт луйврыг андахаа байсан” гэж хэлжээ. Жирийн “йаху-йаху”-гаар учрыг нь олохгүй бол нийгмийн инженерчлэл хийгээд Африкийн хар домын холимог гэж хэлж болох үйлдэл түүнд тусална. Үүгээр хэний ч толгойг эргүүлж болно гэдэгт “йаху-йаху” хийгчид итгэнэ. Мөнгөөр хуурахыг лам нар хариуцна. Энэ дүрд христийн шашны номлогч, лалын шашны лам нар, уламжлалт анагаах ухааны домч нар аль аль нь тоглоно. Лам нарт “йаху-йаху”-чид мөнгө төлнө, үүний дараа л ёслол эхэлнэ дээ. Энэ ёслол гээч чухам юу болох, түүний үр дүн хэр нөлөөтэй байх нь төлсөн мөнгөний хэмжээнээс шалтгаална. Нүдээр үзсэн хүмүүсийн ярих нь, заримдаа хүмүүсийг эм уухыг шаардана, үгүй бол нуудгай эрхтэн дээр нь хэрчлээс гаргана, эсвэл домчийн гэрээс гаргалгүй хэд хонуулна. Тарни шившлэгийнхээ хүчийг нэмэгдүүлэхийн туд “йаху-йаху”-г гүйцэтгэгчид тусгай даалгавар гүйцэтгэнэ. Тухайлбал, нохой шиг хуцна, үеэл эгчтэйгээ энгэр зөрүүлнэ, эсвэл хүний ялгадас иднэ. Их мөнгөний төлөө хүн юу ч хийх, тэвчих чадалтай ажгуу. Мөнгө авна гэдэгтээ тэд эргэлздэггүй.
Тарни, ёслолыг аюул ихтэй, үр ашиг сайтай болгоход егүүтгэсэн хүний нүд, зүрх, гавлын яс зэрэг эд эрхтэн хэрэг болдог гэж үздэг аж. Нигерийн улс төр судлаач Сэмьюэл Оиевалегийн дурдсан баримтаар XXI зууны эхний 10 жилд тус улсад 4000 гаруй хүн хулгайлагджээ. Нас, хүйс, нийгмийн байдлаасаа үл хамааран хэн ч амиа алдах эрсдэлтэй. Тэр ч бүү хэл алуурчдад хэн нэгний төрөл садан, найз нөхөд нь ч туслах нь цөөнгүй. Нигери дэх “Guardian” сонинд өгүүлснээр бол 2021 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд “уламжлалт” аллага 20 гаруй болсон байна. Илрээгүй нь магадгүй үүнээс ч илүү байх магадлалтай. Яагаад гэвэл хүмүүс алга болоод л чухам яасан нь мэдэгдэхгүй өнгөрнө. “Цуст мөнгөтэй холбогдсон хүмүүс алагдсан хүний сүнс мөнгө авчирч өгөхийг хүлээгээд л сууж байдаг” гэж нэг луйварчин ярьсан байна. Домч нь алуулсан хүмүүсийн эрхтнийг худалдаж аваад тэднийг ашиглан саван хийгээд, бидэнд өгдгийг мэдэхгүй хүн олон бий. Надад тарни уншсан домч долоо хоног хүний цусанд байлгасан бөгж өгснөө хожим нь надад ярьсан гэж “йаху-йаху”-г гүйцэтгэгч нэгэн ярьсан байдаг.
Сүүлийн жилүүдэд Нигерийн өмнөд нутагт ёслол үйлдэх нэрээр хүний амь хөнөөх нь газар авч байгаа аж. Энэ нутгийн хүн амын ихэнх нь христос шашин шүтдэг. Исламын шүтлэгтэн ч бас бий. Уламжлалт шашиндаа сүсэглэгчид байгаа ч харьцангуй цөөрчээ. Түүнчлэн христос болон уламжлалт шүтлэгийн зарим үйлдлийг авсан, исламын шашны хачирхалтай холимог ч мэр сэр тааралддаг байна. Ялангуяа өвчтөнийг эмчлэх юм уу, бэлчээр, ус тэлэх зэрэг буянтай үйлсийн төлөө бол лам нар нь бөөгийн шашны элдэв үйлдлээс цэрвэхгүй байх нь ч бий гэнэ. Улстөрчид ч үүнийг сонирхохоос буцахгүй. Хөндлөнгөөс ажиглахад “йаху-йаху”-гийн хүч түрэмгийлэл нь Нигерийн өөрийнх нь соёлоос үүсэлтэй мэт, гэхдээ ингэж үзэх нь бодит байдалд нийцнэ гэж үү. Хялбар олз олохын тулд өргөл өгөх явдал Нигерийн уламжлалд гойд нийцэх үйл биш. Шалихгүй луйварчдын нийгэмд эзлэх байр суурийн тухайд Нигерид “хулгайч байснаас боол байсан нь дээр” гэсэн үг байдаг аж. Өргөл өргөх нэрээр хүний амь хөнөөх үйл өнгөрсөн үед байсан ч ямар нэг чухал ховор үйл явдлыг тохиолдуулж хийдэг байж. Ийм үйл ХХ зууны сүүлчийн хагас хүртэл хадгалагдаж байв. 1970-аад онд шинэ эрх баригчийг сэнтийд нь залах үед ийм явдал тохиолдож байсныг Нигерийн судлаач Патрик Эдобор Игбиновиа дурссан байдаг. Түүний ярьснаас үзвэл адис авах ёслолын үед хүний зүрх хэрэгтэй болдог бөгөөд энэ шаардлагын улмаас залуу эр хүний амийг хороожээ. Бенин улсын хаан II Акензуаг 1978 онд оршуулсны дараа түүний араас эрүүл саруул хэд хэдэн зарцыг нь нөгөө ертөнц рүү илгээсэн гэх яриа дуулдаж байжээ. Хүний амиар өргөл өргөх нэг шалтгаан нь байгалийн гамшиг гэнэ. Ибадан гэдэг нутагт 1981 онд айхавтар үер буусны дараа хэд хэдэн хүнээр өргөл өргөсөн гэж мэдээлсэн байх юм.
“Хувилгаан”-ууд Нигерийн зүүн нутагт хуучин Калабар гэдэг газар төвлөрч, богино хугацаанд 200 гаруй хүний аминд хүрсэн байна. Энэ “ирвэс-хувилгаан”-ууд гээч дээрэмчид 1940-өөд онд гарч иржээ. Амийг нь зольсон хүмүүсийн цогцос дээрх ирвэсийн хумс, шүднийх гэмээр ул мөрөөс үүдээд цагдаа нар зэрлэг амьтадтай хөөцөлдөхгүй, бидний ажил хоолойгоор татаж байна гэж хэлээд гэмтнийг эрж хайхаас татгалзах болжээ. Үнэн хэрэг дээрээ алуурчид нутгийн иргэдийн сүсэг бишрэлийг нь ашиглан амийг нь хөнөөж, өөрсдийгөө эмчлэхэд зориулж эд эрхтнийг нь авдаг байна. Нигерийн эрх баригчид хэрэг илэрсний дараа аллага үйлдсэн байж болох 102 хүнийг сэжиглэн баривчилжээ. Тэдний 77-д нь цаазын ял оноож, дүүжлэн хороов. Тусгай зорилготой, шүтлэгэд тулгуурласан энэ аллага 1990-ээд онд хэсэг бүлэг хүний үйлдэл байснаа олныг хамрах болсон байна. “Боолын амьдрал” гэдэг нэрд гарсан кинонд чухам ийм үйл явдлыг харуулсан аж. Ойрын хүмүүсээ алж, санаанд багтамгүй хөрөнгөтэй болсон шулам шиг хүмүүсийн нууц нийгэм байдгийг киноны гол баатар олж мэдэхээсээ өмнө үгээгүй ядуу нэгэн байж. Тэгээд тэдний араас орж гэргийгээ алж, чинээлэг болсон ч үйл хэрэг нь амьдралыг нь там болгож байгааг ухаараад харамсах болов. Энэ сэдэв Нигерийн кино урлагт биеэ даасан төрөл болсон бөгөөд одоо хэр нь ийм бүтээл туурвисаар байгаа аж.
2022 оны нэгдүгээр сард дээрх төрлийн цуврал аллага Нигери улсыг цочоолоо. Гани улсаас Нигерид буцаж ирээд удаагүй байсан “йаху-йаху” алуурчин шинэ оны өмнөхөн хайртай бүсгүйгээ хөнөөж, мөнгө олох хэрэгсэл болгохоор цусыг нь авч явсан нь эхний тохиолдол байв. Их сургуулийн оюутан Женнифер Энтанигийн эрэмдэглэгдсэн цогцос Жос хотын нэгэн зочид буудлаас нэгдүгээр сарын 1-нд олджээ. Цагдаа нарын үзсэнээр 20 настай Мозес Око гэгч этгээд охинд нойрсуулах эм өгч унтуулаад, хөнөөж, дотор эрхтнийг нь авчээ. Хэдэн өдрийн дараа гэмт хэрэгтнийг баривчлав. 13 настай охиныг алахаар зэхэж байсан 15 настай гурван хөвгүүнийг нэгдүгээр сарын 4-нд баривчилжээ. Тэд охиныг хууран, байрандаа оруулж, бурангуй ёслолоо үйлдэж эхэлж байхад байшингийнх нь хажуугаар явж байсан эмэгтэй сэжиглэн, хүмүүст дуулгасан байна. Ойр хавийн хүмүүс нь тэр байранд давхин ороход охин эрхбиш амьтай голтой байж. Хөвгүүдийг цагдаа нар авч явж, охиныг эмнэлэгт хүргүүлжээ. Нэгдүгээр сарын 11-нд Лагос мужид 32 настай Афиз Олалераг баривчиллаа. Энэ хүн төрсөн дүүгээ алсан байв. Тэрбээр “йаху-йаху”-д амжилт олохын тулд эхийнхээ зөвлөснөөр ийм үйлдэл хийжээ. “Домчийн эм, бэлдмэлд хуруу, үс, иргэний үнэмлэхийн зураг нь хэрэгтэй болж. Бид нар ярилцаад, дөнгөж 21 нас хүрч буй дүүг ашиглахыг ээж санал болгосон. Тэгээд ээжийн авчирсан хорыг хоолонд нь хийж өгсөн. 20 минут болоход дүү амьсгал хураасан” гэж Олалера ярьсан байна. Сүүлчийн тохиолдол Огун мужид болж, 17-19 насны дөрвөн хөвгүүн 19 настай танил охин Софиат Кехиндег алаад байхад нь баривчлав. Хөвгүүд мөнгө олох бурангуй ёслолоо үйлдэхээр хоёр долоо хоног бэлтгэжээ. Чамин машин унаж, тансаг харшид амьдрахын тулд мөнгө олохыг хүссэн гэж хөвгүүд ярьсан гэнэ. Тэд зааврыг фэйсбүүкээс олжээ. Софиаттай уулзаж байсан 19 настай Сали Мажкадунмигийн ярьснаар бол энэ хүү “Мөнгө олох ёслолыг хэрхэн хийх вэ” гэсэн асуулт тавиад тэр дор нь хариултыг олсон байна. Баяжихад тагтааны гурван өндөг, хямд үнэтэй хэдэн хольц, хамгийн гол нь эмэгтэй хүний гавлын яс хэрэгтэй гэсэн байв. Сали тэр даруй Софиатыг дуудаж, улмаар ирэнгүүт нь хөнөөж орхиж. Огун мужийн цагдаагийн байгууллагын ажилтан үүнтэй холбогдуулж мэдэгдэхдээ ийм харгис хэрцгий үйлдлийн буруутны зохих хувь нь Нигерийн кино үйлдвэрлэл болон лам, хуваргуудад ногдоно гэсэн байна. Тэрбээр цааш нь “Баяжуулах, хөлжүүлэхийг амласан номлолоо шашны байгууллагууд зогсоох хэрэгтэй. Бүтээсэн киногоо борлуулахын тулд жүжигчид хийгээд холбогдох байгууллагууд олон юм хийх шаардлагатай байдаг нь мэдээж. Яагаад гэвэл олон сэжигтэн киноноос суралцсан байдаг” гэж хэлсэн аж. Зургаан настай хөвгүүн хулгайлсан 23 настай Аподеле нэгдүгээр сарын эхээр баригдаад, ингэх санааг киноноос авснаа хүлээсэн байна. “Хүн хулгайлдаг дүрд сайн тоглодог Зубби Майкл бол миний хайртай жүжигчин. Насанд хүрсэн хүн болон хүүхдийг хулгайлахдаа кинонд хэрэглэж буй зарим аргыг туршиж үзэхээр би шийдсэн юм” гэж энэ залуу ярьсан байна. Киночдыг буруутгахад нэртэй хөгжимчин Самклеф Нигерийн хэвлэлтэй нэгджээ. Тэднийг уламжлалт шашнаа шүтэгчдийн холбоо дэмжив. Тэд эд хөрөнгөө нэмэгдүүлэхийн төлөө хийдэг жинхэнэ ёслолд хүний эд эрхтэн хэрэглэдэггүй, ердөө чихрийн нишингэ, давс, гадил ашигладагийг анхааруулжээ.