БНХАУ Тайбэйтэй зөрчилдөж байгаа нь дотоодын улс төрийн асуудал бөгөөд Тайвань, Украины асуудал үндсэндээ өөр гэж Хятадын эрх баригчид үзэж буйг Гадаад хэргийн сайд Ван И уламжлав. Түүний хэлснээр Тайванийн хоолойн хүнд нөхцөл байдал нь тус арлын засаг захиргаа “нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрдөггүй, эх газрын Хятад, Тайванийн харилцааг өөрчлөхийг оролддог салан тусгаарлагчдын үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Тийнхүү тэд бүхэл бүтэн түүхийг гуйвуулж байгааг Ван И сануулжээ. “АНУ-ын улс төрийн зарим хүчин Тайванийг тусгаар тогтнуулах, Хятадыг хязгаарлахыг дэмжиж байна” гэж Ван И тэмдэглээд, “Энэ нь олон улсын харилцааны үндсэн зарчмуудтай ноцтой зөрчилдөж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна” гэв. 1949 онд Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы хүчний үлдэгдэл Хятадын иргэний дайнд ялагдаж, тэндээс дүрвэснээс хойш Тайванийг өөрийн засаг захиргаа нь удирдаж буй юм.