Олон улсын хамтын нийгэмлэгтэй байгуулсан цөмийн зэвсгээс ангижрах тухай хэлэлцээрийг дагаж мөрдөхийг БНАСАУ-д Өмнөд Солонгос уриалав. БНСУ-ын Нэгдлийн яамны төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэр үг хэлэхдээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгоор Өмнөд Солонгосын Засгийн газар АНУ, Олон улсын атомын энергийн агентлаг зэрэг холбогдох улс орон, байгууллагатай нягт хамтран ажиллаж, Пёньяны цөмийн болон пуужингийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хянаж байгааг тэмдэглэв.
БНАСАУ Йонбён дахь цөмийн цогцолборынхоо үйл ажиллагааг сэргээж, изотоп ялгах төхөөрөмж суурилуулсан өргөтгөлийн барилга барьж байгаа тухай Өмнөд Солонгосын болон гадаадын хэд хэдэн хэвлэлд гарсан мэдээлэлд тэрбээр тайлбар хийжээ. Одоогийн байдлаар БНАСАУ-ын Йонбён дахь үйл ажиллагаа Сөүлд түгшүүр төрүүлэхгүй байгааг Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Энэ сарын 5-нд Өмнөд Солонгосын Штабуудын дарга нар хорооноос дамжуулснаар Умард Солонгос Пёньяны захаас Японы тэнгис рүү дунд тусгалын баллистик пуужин харвасан. Энэ нь 270 км зам туулж, 560 км өндөрт гарчээ. БНАСАУ он гарснаас хойш ес дэх туршилтаа хийсэн нь энэ бөгөөд үүнийгээ тагнуулын хиймэл дагуул байсныг тэмдэглэжээ.