Орос, Украины дараагийн шатны хэлэлцээ бодитой үр дүнд хүрсэнгүй гэж ОХУ-ын төлөөлөгчид мэдэгдэв. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт талууд тохиролцсон ч хэрэгжүүлж чадаагүй хүмүүнлэгийн зурвасын ажлыг эхлүүлэх боломж гарах байх гэсэн найдлага төржээ. Одоогоор улс төрийн асуудлаар ахиц гараагүй байгаа гэнэ.
Гурав дахь удаагийн хэлэлцээнд Украины төлөөлөгчид уламжлал ёсоор товлосноос хоёр цагийн дараа ирсэн байна. Өмнөхийн адил энэ удаагийн хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэрт Беловежская пущад гурван цаг орчим үргэлжилжээ. ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийн хэлснээр уулзалтын үеэр Украины тал хүмүүнлэгийн зурвасуудыг нээх баталгаа өгсөн гэнэ. Украины зэвсэгт хүчнийхэн өнөө болтол командлал болон эрх баригчдынхаа өгсөн тушаалыг биелүүлэхгүй байгаа аж. Оросын төлөөлөгчид Беларусь руу тодорхой гэрээ, төсөл, саналтай очсон боловч Украины тал бүх бичиг баримтыг судлахаар авч явсан байна.
Гурав дахь хэлэлцээний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-аас Украинд “Үндсэн хуулиа өөрчлөх, аль нэг эвсэлд нэгдэх зорилгоос татгалзах, Крымийг Оросын нутаг дэвсгэр гэдгийг хүлээн зөвшөөрөх, Донецк, Луганскийг тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөх” шаардлага тавьж буйгаа мэдэгдсэн. Эдгээр нөхцөл хангагдвал, мөн Украины талын дайсагналыг зогсоовол Орос цэргийн ажиллагаагаа зогсооно гэжээ. Харин Киев Москвад буулт хийхгүй, Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Урьд нь тохиролцсоны дагуу хэлэлцээний өмнө Киев, Мариуполь, Харьков, Сумы хотын оршин суугчдыг хүмүүнлэгийн зурвасаар гаргах гэсэн боловч Украины тал энгийн оршин суугчид болон гадаадын иргэдийг явуулаагүй төдийгүй тушаал зөрчвөл устгана гэж сүрдүүлсэн хэмээн Оросын тал мэдэгдсэн байна. Харин Украины Шадар сайд Ирина Верещук ОХУ-ыг хүмүүнлэгийн зурвас руу гал нээсэн хэмээн буруутгажээ.
Үүний сацуу АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нэмж 500 цэргээ Европт түр хугацаагаар байрлуулах тушаал өгсөн байна. Тэрчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичтэй Ригад хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Умард Атлантын эвсэл АНУ-тай хамтран зүүн жигүүрээ бэхжүүлснийг онцлов.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлснээр ОХУ цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1.7 сая гаруй хүн Украинаас гарсан байна. Тэдний 60 орчим хувь буюу 1.2 сая нь Польшийн хилийг давсан бол Унгар луу 180, Словак руу 120, Молдав руу 80, Румын рүү 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.