Каир дахь Израилийн ЭСЯ-ны дэргэд болсон үймээний үеэр гурван хүн нас барлаа. Египетийн нийслэл Каирт орших Израилийн ЭСЯ руу иргэд дайрснаас үймээн дэгдэж, одоогийн байдлаар дөрвөн хүн амиа алдсан тухай ВВС мэдээлэв. Энэ сарын 9-10-нд шилжих шөнө египетчүүд Израилийн Элчин сайдын яамны дэргэд жагсаал зохион байгуулжээ. Дипломат төлөөлөгчийн газарт саяхан барьсан “Аюулаас хамгаалах хана”-ыг тэд нурааж, Израилийн төрийн далбааг уран, чухал бичиг баримтуудыг цонхоор гарган шидсэн хэмээн АР дамжууллаа.
Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан аж. Жагсаалын үеэр 1000 гаруй хүн бэртэж гэмтсэний 300 орчим нь цагдаагийн ажилтан байсан хэмээн ажиглагчид онцолжээ. Үймээнийг зохион байгуулсан гэх 19 хүнийг саатуулаад байгаа аж. Дипломат төлөөлөгчийн газар дайралтад өртсөний дараа Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак Пентагоноос тусламж хүссэн гэнэ. 1979 онд Египет Израильтай энхийн гэрээ байгуулснаас хойш гарсан хамгийн том үймээн нь энэ хэмээн болсон явдлын талаар гадаадын хэвлэлүүдэд бичсэн байна.
Каирт сууж байсан Израилийн Элчин сайд Ицхак Леванон, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд гэр бүлийнхнийхээ хамт үймээний үеэр эх орондоо буцаж, Египетийн Дотоод хэргийн сайд орон даяар онц байдал зарлав. Өнгөрсөн сарын 19- нд Египетийн таван цэрэг Израилийн хилээс холгүй амиа алдсан билээ. Синайн хойгт алан хядагчдыг устгах ажиллагаа явуулж байхдаа Израилийн цэргүүд египетч үүдийн амийг хөнөөсөн байна. Цэргүүдийн амиа алдсан өдөр Каирт Израилийн эсрэг жагсаал болсон юм. Израилийн ЭСЯ-ныхан египетчүүдийн дайралтаас хамгаалах бетонон хана босгосон аж.
Х.ОД