“Украины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж буй ОХУ Украиныг хуваах зорилго тавиагүй, зөвхөн өөрийн аюулгүй байдлын баталгааг хангахыг зорьж байна” гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Sky news Arabia” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Мөн “2014 оны төрийн эргэлтийн дараа Украин нацист үзэл суртлын нөлөөнд автсан. Бид тус улсыг энэ үзэл суртлаас ангижруулахыг хүсэж байна. Үүнээс гадна Украинд НАТО-гийн дэд бүтэц ихэссэн нь Оросын аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Европын аюулгүй байдал тэнцвэртэй болж, НАТО-гийн гишүүн орнуудаас Украинд зэвсэг нийлүүлэхгүй байхыг Москва шаардаж байна” гэж тэрбээр хэлэв. Тэрчлэн Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосноороо тэдний өмнө, тухайлбал, аюулгүй байдлын салбарт үүрэг хүлээснийг Д.Песков сануулав. Беларусьт болж буй ОХУ, Украины гурав дахь удаагийн хэлэлцээ өнөөдөр үргэлжлэх юм.