Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын чанарыг сайжруулах, стандартыг хангуулах үүднээс гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцохоо мэдээллээ. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5 км урт, хатуу хучилттай зам барихдаа хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэсэн шалтгаанаар “Арц суварга” компанид 19.79 сая төгрөгийн алданги, торгууль ногдуулжээ. Мөн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км урт, хатуу хучилттай авто замын зарим хэсгийг барьж гүйцэтгэн, баталгаат засварыг нь гурван жил хийх ёстой байсан “Хансуун” компанитай байгуулсан гэрээг цуцалжээ. Учир нь тус компани гэрээний үүргээ биелүүлэлгүй, удаа дараа зөрчил гаргасан аж. Тиймээс дээрх чиглэлийн замын баталгаат засварын ажлыг гүйцэтгэх компанийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан сонгон шалгаруулах гэнэ. Цаашид төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх авто зам, гүүр, далан болон бусад бүтээн байгуулалтын ажлын гэрээний хэрэгжилтийг хангуулан, стандартыг мөрдүүлж, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх гэнэ.