Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” нам Засгийн газартайгаа зөвлөлдсөний дараа Европын Холбоонд яаралтай элсэх хүсэлт гаргажээ. Тус улсын Засгийн газар уг нь 2024 онд ийм хүсэлт гаргахаар төлөвлөж байсан ч улс төрийн нөхцөл, шинэ бодит байдалд үндэслэн эл үйл явцыг хурдасгахаар шийдвэрлэсэн байна. Мягмар гарагт Европын парламент Украиныг Европын Холбоонд элсэх хүсэлтийг сайшаасан тогтоол баталсан юм. Гүрж 2009 оноос хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудтай бүс нутгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилготой Европын Холбооны “Дорнын түншлэл”- ийн хөтөлбөрийн гишүүн орон болсон юм. Гүрж 2014 онд тус холбоотой хамтын ажиллагааны гэрээ, тэр дундаа иж бүрэн худалдааны хэлэлцээр байгуулжээ. Гүржийн иргэд 2017 оноос Шенгений бүсийн орнуудад визгүй зорчих эрх авсан. Түншлэлийн 10 жилийн хугацаанд Гүрж улс Европын цагдаагийн агентлаг болон Европын Холбооны Хууль зүйн нэгдсэн агентлагтай гэрээ байгуулж, эдгээр байгууллагад төлөөлөгчөө илгээсэн байна.