Дэлхий даяар өнгөрсөн онд 358 хүний эрхийн төлөө тэмцэгч амиа алджээ. Зөвхөн Колумбид л гэхэд 138 хүний эрхийг хамгаалагч амь эрсэдсэн гэнэ. “Front line defenders” болон “Human rights defenders memorial” байгууллага тайландаа амь үрэгдсэн, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг нэрсийг жагсаасан байна. 2020 онд дэлхийн 25 улсад 331 хүний эрхийг хамгаалагч амь эрсэджээ.
Тайлангаас үзвэл амиа алдсан тэмцэгчдийн олонх (59%) нь экологи, газар, уугуул иргэдийн асуудлаар хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг байжээ. Колумбид хүний эрхийг хамгаалагчид ихэвчлэн зэвсэгт бүлэглэлийн бай болж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч хохирогчдын тоогоор Колумбийн дараа Мексик оржээ. Тус улсад 42 хүн тэмцлийнхээ төлөө амиа өгсөн байна. Бразил (27 тэмцэгч амь үрэгдсэн), Энэтхэг (23), Афганистан (19) зэрэг улсад хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдлын нөхцөл байдал хүнд байна. Өнгөрсөн онд Танзани, Тайланд, Тонга, АНУ-д хүний эрхийн төлөө тэмцэгч тус бүр нэг хүн амь эрсэджээ.
Үүний зэрэгцээ дээрх баримт бичигт тэмдэглэснээр хүний эрхийн төлөө тэмцэгчид заналхийлэл хүлээн авмагцаа хамгаалуулахаар улсынхаа эрх баригчдад хандсанаас үзвэл олон хүнийг аврах боломжтой байсан аж. Тухайлбал, Колумби, Мексикт амь үрэгдэгсдийн олонхыг аврах боломж байсан гэнэ. Амиа алдагсдын тоо нэмэгдсэний сацуу дэлхий даяар, ялангуяа Ойрхи Дорнодод хүний эрхийг хамгаалагчдыг зодож, баривчилж, мөрдөж, мөшгөсөн тохиолдол газар авч байгааг тайланд тэмдэглэжээ.