ОХУ-ын Ярославль хотын ойролцоо өнгөрсөн лхагва гаригийн орой “Як-42” онгоц осолдсон тухай “РИА Новости” мэдээлэв. Онгоцонд “Локомотив” багийн хоккейчид сууж явсан бөгөөд 43 хүн нас барж, хоёр хүн амьд үлджээ. Хоккейчин Александр Галимов, онгоцны багийн гишүүн Александр Сизов нарын биеийн байдал хүнд байна хэмээн эх сурвалжид онцолжээ.
Энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан Ярославль мужид гурав хоногийн гашуудал зарлаж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан байна. Ослын газарт ажилласан аврагчид амь үрэгдэгсдийн цогцсыг олсон хэмээн ОХУын Онцгой байдлын албанаас мэдэгдлээ. “Як-Сервис” компанийн эл онгоцны ослын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. “Онгоц өндрөө авч амжилгүй Ижил мөрөн рүү унасан байсан. Онгоцны сүүл хэсэг эрэгт, харин зорчигчдын сууж явсан тал усанд унасан байсан” хэмээн “РИА Новости” агентлагийн сурвалжлагч өгүүлсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар онгоцонд чанаргүй шатахуун хийсэн байж магадгүй гэнэ. Мөн нисгэгчид алдаа гаргасан, эсвэл онгоцны хөдөлгүүр гэмтсэн ч байж болзошгүй аж. Тус улсын Тээврийн яамны төлөөлөгч Валерий Окуловын мэдэгдсэнээр “Як-42”-ын хар хайрцгийг уншуулахаар Москвад авчраад байгаа аж. Хар хайрцагт үлдсэн мэдээлэл, мэргэжилтнүүдийн шинжилгээ гарсны дараа ослын шалтгааныг нийтэд зарлана хэмээн тэрбээр хэлжээ.
“Як-Сервис" компанийнхны мэдэгдсэнээр “Як-42” загварын эл онгоцыг 1993 онд үйлдвэрлэсэн гэнэ. Нислэгийн өмнөхөн онгоцны бүрэн бүтэн байдлыг шалгахад ямар нэгэн гэмтэл илрээгүй хэмээн тэд мэдэгдсэн байна.
Х.ОД