Жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр Шинэ Зеландын парламентын ордны өмнө гал гарсан тухай “Radio New Zealand” мэдээллээ. Өнгөрсөн сарын 8-наас хойш үргэлжилж буй эсэргүүцлийн ажиллагаагаа цагдаа нараар тараалгахгүйн тулд жагсагчид майхнуудаа шатаасан аж. Галд хийн баллон, машины дугуй шатааснаас болж парламентын ордны өмнөх талбай утаанд автсан гэнэ. Тэрчлэн “Ковид-19”-тэй холбоотой хязгаарлалтууд, заавал вакцин хийлгэхийг шаардаж буйг эсэргүүцэгчид парламентын ордны дэргэд түүдгүүд асаажээ. Тэдний эсрэг хамгаалалтын малгай, хантааз өмссөн олон цагдаа нар тэмцэж байна.
Үүний өмнө цагдаа нар парламентын өмнөх зүлгэн дээр болон ойр орчмын гудамжинд босгосон майхан хотхоныг устгах тусгай ажиллагаа явуулсан юм. Тэд майхан, сүүдрэвч, жорлонгийн зарим хэсгийг буулгаж, жагсагчдын 30 орчим машин, мотоцикл, чиргүүлийг журамласан аж. Жагсаалд оролцсон 60 хүнийг цагдаад эсэргүүцэл үзүүлсэн хэмээн баривчилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр тус улс коронавирусийн омикрон хэлбэрийн тархалтын улмаас улаан буюу аюулын дээд түвшинд шилжсэн юм. Үүний хүрээнд олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж, нийтийн тээвэр, эмнэлэгт амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих дэглэмд шилжсэн аж.