“Үнийг хянах нь Вашингтоны засаг захиргааны нэн тэргүүний зорилт юм” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатдаа жил тутмын “Улс орныхоо байдлын тухай” илтгэл тавихдаа хэлэв. “Маш олон гэр бүл хоол хүнс, шатахуун, орон сууцын болон бусад зардлын өсөлтийг даван туулахын тулд цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Инфляц үүнд нөлөөлж буй. Тиймээс үнэд хяналт тавихыг эн тэргүүний зорилт болгосон юм” гэж тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээр АНУ-ын одоогийн засаг захиргааны санал болгож буй дэд бүтцийн төлөвлөгөө нь XXI зуунд бусад улс, тэр дундаа Хятадтай хийж буй дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд ялах боломж олгох гэнэ. “Америкчуудын эсрэг бооцоо тавиад ашиггүй” гэж Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпинд хэлснээ Цагаан ордны тэргүүн тэмдэглэв. Энэ онд АНУ-д 104 мянга орчим км зам, 1500 гаруй гүүр засах гэнэ. Ж.Байдены санал болгосон, АНУ-ын дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөө нь түүний мөрийн хөтөлбөрийн нэг чухал хэсэг юм. Нэг их наяд доллароос давсан дэд бүтцийн багцыг АНУ-ын Конгрессын Сенатын танхим өнгөрсөн оны наймдугаар сард баталсан. Үүний дараа Төлөөлөгчдийн танхимд санал хураалтыг есдүгээр сарын 30-нд явуулахаар товлосон ч Ардчилсан нам дахь санал зөрөлдөөний улмаас өнөө болтол хойшлогдсоор байна.