Хэлэлцээ хийхээсээ өмнө Украины хотуудад цохилт өгөхөө Москва зогсоох ёстой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Reuters” агентлаг болон CNN телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр Киев дэх цэргийнхний хамгаалалтад байдаг, Засгийн газрын цогцолборт сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. ОХУ-тай Киев хэлэлцээгээ үргэлжлүүлэх, эсэхийг асуухад тэрбээр “Харж байж шийднэ” гэсэн тодорхойгүй хариулт өгсөн аж. “Москва цэргээ ажиллагаа эхлэхийн өмнөх байрлал руугаа эгүүлэн татахыг зөвшөөрвөл энэ нь ОХУ найрамдахад бэлэн болохын илрэл. Эс бөгөөс цаг үрсэн асуудал болно” гэж В.Зеленский хэлжээ.
Орос, Украины төлөөлөгчдийн хоёр дахь хэлэлцээ Беларусийн Брест мужийн “Беловежская пуща” үндэсний цэцэрлэг хүрээлэн орчимд болно. “ОХУ-ын тал лхагва гаргийн орой (Москвагийн цагаар) товлосон газраа очиж, Украины төлөөлөгчдийг хүлээнэ” гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ.
Даваа гарагт Беларусийн Гомель мужид Орос, Украины хэлэлцээ болж, таван цаг үргэлжилсэн. Оросын төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийн хэлснээр энэ хугацаанд талууд хэлэлцэх бүх асуудлаа дарааллын дагуу хөндөж, нийтлэг байр суурийг урьдчилан таамаглах боломж олгосон зарим зүйлийг тодорхой болгосон бөгөөд хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон гэнэ. “Бидний түншүүд Украиныг НАТО-д элсүүлэхэд бэлэн биш бол, ОХУ ч Украиныг НАТО-д оруулахыг хүсэхгүй байгаа тул манайд аюулгүй байдлын баталгаа боловсруулж өгөх ёстой. Энэ нь манай нутаг дэвсгэр бүрэн бүтэн, хил хамгаалалттай, бүх хөрштэйгөө онцгой харилцаатай, аюулгүй байхын хууль ёсны баталгаа болно” гэж Украины удирдагч ярилцлагадаа тэмдэглэжээ.