Азербайжаны уугуул, дээрмийн бүлгийн гишүүн, Екатеринбургийн нэрд гарсан бизнесмен рүү довтолсон Рагиб Гусейновт Свердловск мужийн шүүх найман жилийн ял оноов. Тэрбээр бүлгийнхнийхээ хамт долоон удаа дээрмийн халдлага хийж, зэвсэг хууль бусаар наймаалсан байна. Хохирогчид хагас сая рубль олгуулахаар шүүх бас шийдвэрлэжээ. Үргэлжлүүлэн мөрдөн шалгуулж буй хэрэг ч түүнд мөн бий аж. Сэтгүүлчид “супер дээрэмчин” гэж нэрлэсэн Гусейновыг хөршүүд хийгээд таних хүмүүс нь үлгэр жишээ өрхийн тэргүүн, гурван хүүхдийн халамжит эцэг гэцгээдэг гэнэ. Түүнийг Орост үйл ажиллагааг нь хориглосон “Исламын улс” хэмээх олон улсад зард гарсан алан хядагч байгууллагын нэг жижиг салбар нь болсон аюултай дээрмийн бүлэгт байдаг гэж хэний ч санаанд ордоггүй байж.
Энэ бүлгийнхан Тажикистаны иргэн Орифжон Саттаров гэгч 51 настай этгээд үүсгэн байгуулжээ. ЗХУ задарснаар Саттаров Оросын иргэншил авч Москва орчимд аж төрөх болсон байна. Олдсон ажлыг хийж, заримдаа орон сууцад засвар хийнэ. Гэвч ажил нь хүнд ч хүссэн орлогоо олж чадахгүй, олигтой гэр бүлтэй ч байж чадсангүй. Амьдралын утга учрыг хайж яваад Исламын шашны эрс үзэлтэй ойртож, эрсэн юмаа энд байна гэж бодох болов. Энэ бол “Исламын улс”-ын суртал ухуулга дэлхий дахинд оргилдоо хүрч байсан 2014-2015 он байлаа.
Тэр цагт алан хядагчид “Аллахын дайчид”-ыг бүх дэлхийн ариун дайнд, дэлхий дахинд шариатын хууль тогтоохыг, дэмжигчдээ хар лам Абу Бакр аль-Багдадид тангараг өргөхийг уриалж байв. Үүний зэрэгцээ ялалт, амжилтаа, дайснаа олноор нь цаазалж буйг харуулсан сурталчилгааны бичлэгийг “Исламын улс” хааяагүй цацаж байлаа. Саттаров чухам энэ үед санаа нийлэх нөхдөө хайж “Исламын улс”-ын ялалтыг мухар сүсгийн үүднээс нутаг усныхаа, ах, дүү нартаа ярьж явжээ. Саттаров тэгсэн чинь авьяаслаг ухуулагч байсан юм санж, богино хугацаанд өөрийгөө тойруулан санаа нэгтнүүдээ цуглуулж, тэднийхээ удирдагч нь болоотохов.
Эх сурвалжийн баримтаар бол Саттаров олон нийтийн сүлжээгээр “Исламын улс”-ын хүмүүстэй холбогдож, тэдэнд тангараг өргөж, Ойрхи Дорнодын хээрийн цэргийн нэг командлагчийн заавраар ажиллах болов. Тэр нь анхны даалгавраа өгсөн нь ердөө “элсүүл, төл” гэсэн хоёрхон үг байлаа. Ариун дайчдыг шаргуу олж элсүүлж, нууцлалын аргаа улам боловсронгуй болгож, “Исламын улс”-ын данс руу ивээн тэтгэлгийн мөнгөө тогтмол хийж байх ёстой боллоо. Саттаров харьцангуй богино хугацаанд алан хядагчдын талд 10-аад хүн элсүүлчихэв. Харин ивээн тэтгэх нь төвөгтэй байлаа. Учир нь Саттаров таксины жолооч, мухлагийн худалдагч, барилгачин зэрэг орлого нь шаардлага хангахад ярвигтай улсыг уруу татсан байжээ. Үүнд хилийн чанадын удирдагчдынх нь сэтгэл дундуур байв. Гэхдээ тэр удирдагчид нь гэмт хэргийн холбоо сүлбээгээ ашиглан Саттаровын “бүлэг”-ийг галт зэвсэг, сум хэрэгслээр хангаж өгөв. Ингээд тэд мөнгө зөөгчид болон бизнес эрхлэгчид рүү довтолж эхэллээ. Тухайн үед ийм төрлийн гэмт хэрэг нэгэнт ховор биш болсон байлаа. Гэвч эрүүгийн шуурхай ажилтнууд тэдэнтэй идэвхтэй тэмцэж, чамлахааргүй амжилт олж байв. Тиймээс Саттаровын бүлэг эрсдэлээс зайлсхийхээр шийдэж, аюултай бизнес хамтран хийгчид нь нийслэлээс холдохыг зөвлөснөөр “айлчлан тоглолт” хийхээр Екатеринбургийг зорьжээ. Тэдний дунд мөнөөх Рагиб Гусейнов орон тооны жолооч хийгээд давхиж явжээ.
Зоогийн газрын сүлжээний захирал, Хятадын иргэн Ван Хун 2018 оны долдугаар сарын 3-нд Екатеринбургийн “Таганский ряд” хэмээх худалдааны төвөөс гараад явж байтал баг өмссөн гурван хүн хажууд нь гэнэт гарч ирснээ нэг нь түүн рүү гар буу чиглүүлж, нөгөөх нь гарт нь байсан хүүдийг булааж авахыг оролдов. Ван Хун хүүдийгээ алдчихгүйг хичээн зууралдтал буун дуу тас хийж, нэг нь нүүр лүү нь цохиод авав. Нэг мэдэхэд дээрэмчид 570 мянган рубльтэй хүүдийг нь аваад алга болсон байв.
Тэд гэмт хэрэгтнүүдээс авсан мэдээллийн дагуу Ван Хун руу довтолсон байжээ. Хэдэн өдрийн дараа мөн мэдээллийн дагуу Саттаровын хүмүүс нэгэн машин руу дайрав. Ийнхүү хэдхэн секундийн дотор 13 сая рублиэ бизнесмен, жолооч хоёр хэрхэн алдсанаа ухаарч чадахгүй байсан аж. Дээрэмчид олсон мөнгөнийхөө ихэнхийг өөрсдөө хувааж авлаа. Шунал нь тэднийг дийлж, шашин шүтлэг, тангараг хойш тавигдаж, мөнгө л тэргүүн зорилго нь болж хувирав. Дээрэмчид дараагийн “ажил”-даа шууд оролгүй эхлээд мөнгөөрөө баахан буянаа эдэлж, зарим хэсгийг нь ах, дүү нартаа илгээв. Хэдэн сар өнгөрөөж намар болгоод шинэ “аян дайн”-д мордохоор шийдэв. Хууль сахиулах байгууллагынхны бодлоор бол тухайн үед Орифжон Саттаров болон түүний гар хөл бологсдод орлогын шинэ найдвартай эх үүсвэр гарч ирсэн бололтой. Хэнд, хэдий хэр мөнгө байгааг мэддэг, мэдээлдэг хүмүүс ч олдсон байна. Чухам эдний ачаар Саттаровынхан Уралын томоохон бизнесмен Гагик Мартиросяны мөрөөр орж чадсан аж.
Мартиросян 2018 оны есдүгээр сарын 5-нд “Audi” машинаа дүүгээрээ бариулан нэлээд мөнгө аваад гарчээ. Тийм учраас сонор сэрэмжтэй ч явж. “ВАЗ-2112” маркийн, сэжиг бүхий машин араас нь дагаж хөдлөхийг анзаарч. Залуур дээр нь мөнөөх Рагиб Гусейнов сууж байв. Уг машин даруйхан хажуугаар нь зэрэгцэн ирж “Audi”-г замын хажуу руу шахав. “Аudi” зогслоо. Тэгтэл “ВАЗ-2112”-оос автомат барьсан хүн гарч ирээд “Аudi”-г шүршиж эхэлжээ. Жолооч нь самгардалгүй хурдаа нэмж, хий нь гарч шалчийсан дугуйтай ч тэдний гараас мултарч, дээрэмчид ч цагдаа нарыг ирэхээс өмнө амжиж нуугдав. Ах, дүү Мартиросяны нэг (жолооч) л суманд хальт оногдсон байлаа. Дээрэмчид хэсэг хугацаанд нам гүм болов. Энэ хооронд Дотоодыг хамгаалах яамны ажилтнууд уг гэмт хэргийн байдлыг нэгбүрчлэн шалгаж, бусад довтолгоотой харьцуулан үзжээ. Хятад бизнесмен, мөнгө зөөгчид, ах, дүү Мартиросян руу довтлогчид “нэг” л хүмүүс болохыг шуурхай ажилтнууд тогтоосон байна. Дээрэмчид Оросын хямдхан үнэтэй машин унаж, баг зүүсэн байв.
Саттаровын дээрэмчид шинэ дайралтад нэг сар бэлтгэв. Тэр явцдаа “Исламын улс”-ын зааварлагчийн оролцоогүйгээр бие даан “ажиллаж”, олзоо өөрсдөө хувааж авахаар шийдсэн байв. Шинээр элссэн зарим нь уг бүлэг алан хядагчдынх болохыг мэдээ ч үгүй байсан аж. Тус бүлэг янз бүрийн үндэстнээс бүрэлдсэн, дөрвөн азербайжан (нэг нь Рагиб Гусейнов), хоёр дагестан, Саттаров нь тажик, Адыль Салаев нь Германы уугуул, 26 настай Георгий Прохур нь Уралын унаган байв. Дээрэмчид алдаа гаргахгүйн тулд сайтар бэлтгээд аравдугаар сарын 3-нд “анд гарав”. Тэд “Таганский ряд” худалдааны төвийн дэргэд Киргизийн нэг бизнесменийг машиндаа суух үед нь дайрлаа. Киргиз эр эсэргүүцэл үзүүлсэн ч хүзүү рүүгээ буудуулчихжээ. Тэрбээр азаар амьд үлдсэн ч 7.5 сая рублиэ алдав. Саттаровынхан хэд хоногийн дараа Екатеринбургийн нэг банкны салбарын хажууд эрэгтэй хүн рүү дайрав. Тэр нь зах дээр наймаа хийж олсон мөнгөө дансандаа хийх гэж байсан, хэдэн рубль авч явааг нь дээрэмчид сайн мэдэж байжээ. Тэр хүн сүрхий эсэргүүцэл үзүүлсэн төдийгүй тусламж дуудаж амжсан байв. Гэвч дээрэмчид толгой, хөл рүү нь буудаад таван сая рублийг нь аваад арилж өгсөн аж. Мөнгөний эзэн цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсны хүчинд амьд үлджээ. Үүний дараа Саттаровын дээрэмчид өвлийг тайван өнгөрөөхөөр шийдэж, зарим нь харьж шинэ жил тэмдэглэхээр гэрээдээ явцгаав. Үнэн хэрэг дээрээ бол тэд арга барилаа өөрчилж, “томоохон загас” агнах, жижиг сажиг юмаар хөөцөлдөхөө болихоор шийдсэн байлаа. Ийнхүү 2019 оны эхээр Хятадын хэсэг бизнесменийг онилжээ. Харамсалтай нь, хятадууд тэр үед ердөө нэг саяхан рубльтэй, бусад мөнгө нь аз болоход замын түгжрээнд саатсан хүмүүст нь байжээ.
Дөрөвдүгээр сарын 2-нд Екатеринбургийн нисэх онгоцны буудалд “KIA sorenta” маркийн машин дөхөж ирэв. Түүнд жолооч, хамгаалагч хоёр 20 сая рубльтэй явж байлаа. Энэ мөнгийг Улаан-Үдэд хүргэх ёстой байж. Мань хоёр машинаа орхих агшинд “ВАЗ-2112” машин хажууд нь ирж зогслоо. Залуурын ард нөгөөх л Рагиб Гусейнов суусан байв. Дээрэмчид дээш нь зургаан удаа буудаж сүрдүүлээд цүнхтэй мөнгийг нь аваад алга болох нь тэр.
Нисэх онгоцны буудлын дэргэд болсон дайралтаас хойш удалгүй Дотоодыг хамгаалах яамны шуурхай ажилтнууд дээрэмчдийн бүлгийнх нь толгойлогч Саттаровыг гурван хамтрагчийн хамт баривчлав. Тэдний жолооч Рагиб Гусейнов цагдаа нарын тусгай ажиллагааны үед зугтаж амжаад хэсэг чимээгүй байснаа нөхөдтэйгөө холбогдож улмаар уулзалдсан байна. Дээрэмчид баригдаагүй байгаа нөхдийнх нь талаар цагдаа нар юм мэдэхгүй байна гэсэн дүгнэлт хийгээд, эцсийн арга хэмжээ авч бөөн хүчээ задлаад тал тал тийшээ бутарч, дахиад хэзээ ч уулзалдахгүй байхаар шийджээ. Хувцасны наймаа хийдэг Киргизийн нэг бизнесмен ихээхэн хэмжээний мөнгө бэлнээр Бишкек рүү явуулах гэж байгааг дээрэмчид өөрсдийн мэдээлэгчдээс 2019 оны арванэгдүгээр сарын 21-нд дуулжээ. Мөнгө авч явсан хүмүүс рүү нисэх онгоцны буудлын машины зогсоол дээр довтолж, энэ нь камерт бичигдсэн байна. 37 сая рубльтэй чемоданыг нөгөө мөнгө зөөгчид тэргэнцрээр ямар ч ажиг сэжиггүй авч яваа нь бичлэгээс харагдаж байлаа. Нисэх онгоцны буудал руу орох хаалганд ойрхон байхад нь тэдэн рүү хоёр дээрэмчин давхиж очоод гар буугаар буудаж чемоданыг нь аваад явчихжээ. Үүнд ердөө нэг минут хүрэхгүй хугацаа зарцуулсан байв. Энэ удаад дээрэмчдийн нэг нь “супер дээрэмчин” Рагиб Гусейнов байжээ. Тэр мөнгө зөөж явсан хүмүүс рүү дор хаяж долоон удаа буудсан аж. Дээрэмчид аюулгүй газар очоод мөнөөх мөнгөө хувааж авч, машинаа шатаагаад тарж явцгаажээ. Уг хэрэг дээр Екатеринбургийн эрүүгийн хэргийн шилдэг ажилтнууд ажиллаж, 2020 оны намар болоход Рагиб Гусейновыг баривчлав. Дараа нь бүгд баригдаж, гар болон автомат буугаа хураалгалаа.
Рагиб Гусейнов байцаалтын явцад хэргээ хүлээж, мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж, дээрэмчдийн бүлэг нь бүхий л үйлдлээ нарийвчлан төлөвлөдөг байсныг ярьжээ. Тиймээс түүний хэргийг онцгой журмаар шийдсэн байна. Түүнд ердөө найман жил хорих ял өгчээ. Шүүх ийн шийдэхдээ мөрдөн байцаагч нартай хамтран ажилласныг нь төдийгүй бага насны гурван хүүхэд нь түүний асрамжид байдгийг харгалзсан аж. Түүнээс гадна “супер дээрэмчин” маань өглөг буяны ажил хийдэг, дээрэмдэж олсон мөнгөнийхөө багагүй хэсгийг хүүхэд асрах газруудад өгдөг байжээ. Тэгэхдээ бэлэн мөнгө биш, өөрөө янз бүрийн бэлэг, ахуйн техник хэрэгсэл худалдаж аваад явуулдаг байв.
Бэлтгэсэн Р.Жаргалант