Украин зэвсэгт мөргөлдөөн, дайсагнасан бодлогоосоо зайлсхийхэд бэлэн байгаагаа харуулах нь дайныг дуусгах алхам болно гэж НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгдэв. Киев Донбассын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа тухай баттай мэдээлэл ОХУ-д байсныг тэрбээр тэмдэглэжээ.
ОХУ хурцадмал байдлыг намжаах алхам хийсэн тохиолдолд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг хэлэлцэж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки илэрхийлэв. Хойд хөрш цөмийн тогтоон барих хүчний талаар мэдэгдэл хийснийг Вашингтон ноцтой өдөөн хатгалга гэж үзэж байна. НАТО-гийн тэргүүлэгч орнуудын өндөр албан тушаалтнууд мэдэгдэл хийсний хариуд цөмийн тогтоон барих хүчнээ байлдааны онцгой бэлэн байдалд оруулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн ням гарагт тушаасан юм.
Киевийг Европын Холбоонд элсүүлэх уриалгыг АНУ-ын засаг захиргаа дэмжиж байгаа, эсэх талаар Ж.Псакигаас тодруулахад “Бид тус холбооны гишүүн биш. Шийдвэрийг Европын Холбоо гаргах ёстой. Ямар нэг улс аль нэг байгууллагад элсэх хүсэл эрмэлзэл, энэ байгууллагаас гаргах шийдвэрийг бид дэмжинэ” гэжээ. Европын Холбоонд элсэх Украины хүсэлтэд тус улсын Ерөнхийлөгч В.Зеленьский хоёрдугаар сарын 28-нд гарын үсэг зурж, Брюссель рүү илгээсэн юм. Эл хүсэлтийг Европын Холбоо албан ёсоор бүртгэснээр холбогдох үйл явц эхэлсэн байна.
ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
Орос, Украины дараагийн хэлэлцээ Беларусь, Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлэв. Хэлэлцээ маргааш болж магадгүй хэмээн найдаж буйгаа Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей илэрхийлсэн байна. Уулзалтад оролцогчид байр сууриа хэлэлцээд, дараагийн үе шатанд бэлтгэхээр нутаг буцжээ. Гал зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг Оростой хийж буй хэлэлцээний гол асуудал гэж Киевийн тал үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Москвагаас тавьж буй гол шаардлагыг нэрлээгүй аж. “Хүнд хэлэлцээ байлаа. Тулгасан ямар ч шаардлага байгаагүй. Харамсалтай нь, Оросын тал өрөөсгөл хандлагатай хэвээр байна” гэж хэлэлцээнд оролцсон, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк хэлсэн байна. Харин Владимир Мединский уулзалтын үр дүнд хэлэлцэх зарим нэг нийтлэг зүйл тодорхой болсныг тэмдэглэжээ. Юу болсныг, яагаад чухал болохыг, дараа нь юу тохиолдохыг бид хурдан, энгийн бөгөөд тодорхой тайлбарлаж байна гэж тэрбээр хэлэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээ хүссэн үр дүнд хүрээгүйг тэмдэглээд, уулзалтад оролцсон төлөөлөгчидтэйгөө уулзаж, үйл явцад дүн шинжилгээ хийсний дараа хэлэлцээний хоёр дахь шатанд шилжих асуудлыг шийднэ гэв. Мөн тэрбээр Киевийн талд байлдах гадаадын иргэдийг Украинд визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Эл шийдвэр зөвхөн Оросын иргэдэд үйлчлэхгүй гэнэ. Үүнээс өмнө тэрбээр байлдах чадвартай хоригдлуудаа суллаж, тэмцэх хүсэлтэй жирийн иргэдэд зэвсэг тараасан билээ.
36 УЛСЫГ АГААРЫН ХИЛДЭЭ НЭВТРҮҮЛЭХГҮЙ
ОХУ-ын нисэх онгоцнуудад агаарын хилээ хаасан орнуудад мөн адил хариу арга хэмжээ авчээ. Онцгой тохиолдолд тус улсын Агаарын тээврийн агентлаг, эсвэл ГХЯ-ны зөвшөөрлөөр эдгээр улс нислэг үйлдэж болох аж. Агаарын харилцаагаа хэдийн зогсоосон Британи, Болгар, Латви, Литва, Молдав, Румын, Эстони, Словени, Чех, Польшоос гадна Герман, Испани, Итали, Франц зэрэг 27 улс уг хоригт багтав. Өрнөдийн орнууд Оросын онгоцнуудад агаарын орон зайгаа хааж, олон улсын агаарын хуулийг зөрчиж байна гэж Италийн Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Пьерлуижи Ди Пальма мэдэгджээ.
Тэрчлэн АНУ, түүнтэй холбоотой орнууд, олон улсын байгууллагууд найрсаг бус арга хэмжээ авсантай холбогдуулан эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
ОРОСЫН ДИПЛОМАТЧДАД НУТАГ БУЦАХЫГ ШААРДАВ
НҮБ дахь ОХУ-ын 12 дипломатчийг АНУ итгэл үл хүлээх этгээд хэмээн зарлаж, энэ сарын 7 гэхэд тус улсаас гарахыг шаардсан байна. НҮБ дэх ОХУ-ын суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя хэвлэлийн хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр АНУ-ын эрх баригчид НҮБ дахь Оросын төлөөлөгчийн газрын эсрэг ээлжит дайсагнасан арга хэмжээ авч, хүлээн авагч орны хувьд хүлээсэн үүргээ бүдүүлгээр зөрчсөн байна. Дипломатчдыг хөөж буй үндэслэлийн талаарх АНУ-ын тайлбар ОХУ-д таалагдахгүй байгаа бөгөөд үүний хариуд тус улс арга хэмжээ авахыг тэрбээр мэдэгдэв.
ДАШТ-ИЙГ ӨӨР ОРОНД ЗОХИОН БАЙГУУЛНА
Олон улсын шайбтай хоккейн холбоо 2023 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ-аас өөр улсад зохион байгуулахаар шийдэв. Уг тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 26-наас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд Омск, Новосибирск хотод болох байсан юм. Канадын Эдмонтон хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ жилийн нэгдүгээр сарын 5-нд зохион байгуулах ёстой залуучуудын дэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээн цар тахлын улмаас ирэх наймдугаар сарын дунд үе хүртэл хойшлуулсан билээ. Залуучуудын шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д гурав дахь удаагаа зохиогдох байсан аж. Урьд нь 2013 онд Уфа, 2001 онд Москва, Подольск хот уг тэмцээнийг зохион байгуулжээ. Мөн Швед, Чех Финландын хоккейн холбоод Оросын багийг энэ улирлын Евротурын үлдсэн хоёр шатанд оролцуулахгүй байхаар шийджээ. Ингэснээр Оросын хоккейчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ирэх наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4), мөн 18-аас доош насны тоглогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжих нь. Үүний дараа Үндэсний хоккейн лиг Оросын бизнесийн түншүүдтэй харилцаагаа тасалж, орос хэлээрх нийгмийн сүлжээ, дижитал мэдээллийн эх сурвалжаа түр зогсоож байгаагаа зарлав. Энэ нь тус холбооны тоглолтыг Оросын телевиз, интернэтээр дамжуулахгүй гэсэн үг аж.
Олон улсын хөлбөмбөгийн болон Европын хөлбөмбөгийн холбоо Оросын баг, клубүүдийг өөрсдийн ивээл дор болох тэмцээнд оролцох, тэр дундаа энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасжээ. Европын хөлбөмбөгийн холбоо гол ивээн тэтгэгчдийн нэг болох Оросын “Газпром”-той хамтын ажиллагаагаа цуцаллаа. Мөн Олон улсын олимпын хороо олон улсын бүх спортын холбоонд Орос, Беларусийн тамирчдыг өөрсдийн зохион байгуулж буй тэмцээнд оролцохыг хориглохыг зөвлөжээ. Түүгээр ч зогсохгүй Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх хороо 2001 онд олимпын одон авсан Владимир Путин болон Оросын Засгийн газарт хариуцлагатай албан тушаал хашдаг, эсвэл төрийн эрх мэдэлтэй шууд холбоотой эрх баригчдын бүх төлөөлөгчөөс уг шагналыг хураах шийдвэр гаргажээ. Мөн Олон улсын таеквондогийн холбоо Владимир Путинээс хар бүсээ хураажээ.
ХОЛБОО БАРИХ ШУГАМТАЙ БОЛОХЫГ ХҮСЖЭЭ
АНУ-ын БХЯ Украины нөхцөл байдлын улмаас Оросын цэргийнхэнтэй холбоо барих тусгай шугамтай болохыг хүссэн тухай “Politico” сонин мэдээлэв. “Буруу тооцооллоос зайлсхийхийн тулд харилцаа холбооны суваг хэрэгтэй хэмээн оросуудад мэдээлсэн” гэж Пентагоны төлөөлөгч дамжуулжээ. Ийм харилцаа холбооны сувгийг Сирид явуулсан ажиллагааны үеэр тус хоёр улсын цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлэх зорилгоор 2015 онд ОХУ болон АНУ-ын Зэвсэгт хүчин ашиглаж байжээ.
АРАБЫН ОРНУУД ТӨВИЙГ САХИНА
Арабын орнууд найрсаг харилцаатай Орос, Украины хямралд төвийг сахина гэж Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Хуссам Заки мэдэгдэв. Каирын санаачилгаар бүс нутгийн хамтын нийгэмлэгийн байнгын төлөөлөгчдийн шуурхай хурал болжээ. “Бид буруутгах, зэмлэхээс илүүтэй туслахыг хүсэж байна. Арабын зарим улс Киевт дипломат төлөөлөлтэй учраас Украинд байгаа арабчуудад бие биедээ туслахыг уриалж байна” гэж Х.Заки өгүүлжээ.