Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) сонгодог хөгжмийн эмчилгээний хэсэгтэй болсноо өчигдөр нээж, “Хөгжмөөр эмчлэхүй” өдөрлөг зохион байгууллаа. Уг хэсгийг “Монос” эмийн үйлдвэрийн дэмжлэгтэйгээр тохижуулжээ. ХСҮТ-д эмчлүүлж байгаа иргэд болон эмч, ажилтнууд ч бие, сэтгэл зүйн амаргүй сорилттой байнга тулгардаг. Тэгвэл сонгодог хөгжмийн эмчилгээний хэсэгтэй болсноор урлагаар дамжуулан эмнэлгийнхэн болон үйлчлүүлэгчид дэм, эрч хүч авах боломжтой гэж санаачлагчид үзсэн байна. Энэ хэсэгт хөгжмийн төрөл бүрийн зэмсэг тавьсан бөгөөд урлагийнхан ирж, тоглолт хийгээсэй гэж хүсэж буйгаа ХСҮТ-ийнхөн илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн хөгжим тоглодог бус, дуулах, бүжиглэх шүлэг, яруу найраг унших уран бүтээлчид ч ирэх боломжтойг тодотголоо.
Ташрамд дурдахад, Хөгжмийн эмчилгээний дэлхийн өдөр өчигдөр тохиосон аж. Уг өдрийг тохиолдуулан ХСҮТ-өөс сонгодог хөгжмийн эмчилгээний хэсгээ нээсэн юм байна. Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийг тайвшруулах увдистай, эмийн эмчилгээг дэмждэг гэж олон улсад үздэг байна.
Бэлтгэсэн М.Оч