Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т тархи, нугасны мэс заслын навигацын төхөөрөмж суурилуулжээ. Энэ нь Монгол Улсад анхны тохиолдол болсон аж. Уг төхөөрөмж нь “Brain lab” брэндийнх бөгөөд ХБНГУ-аас мэргэжилтнүүд ирж, дээрх эмнэлэгт суурилуулжээ. Үүний зэрэгцээ төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар эмч, мэргэжилтнүүдийг дадлага, сургалтад хамруулсан байна. Мэдрэлийн мэс заслын навигацын төхөөрөмж нь тархи, нугасны хавдрын байршлыг гурван хэмжээст дүрслэл ашиглан, өндөр нарийвчлалтай тогтоодгоороо онцлогтой гэнэ. Түүнчлэн эл төхөөрөмжийг ашигласнаар тархи, нугасанд гүн байрласан хавдрын мэс засал хийх үед эрүүл эдийг гэмтээх эрсдэл бага аж. Мөн тархи, зүрх, судасны төв зэрэг эрсдэлтэй хэсгээс эдийн шинжилгээ авахад навигацын төхөөрөмж чухал үүрэгтэй юм байна. Ингэснээр мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаадад эмчлүүлэх хүний тоог бууруулах боломжтой гэж УГТЭ-ээс мэдээлэв. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг навигацын төхөөрөмжийг суурилуулжээ.
Бэлтгэсэн М.Оч