Эд эсийн энергийг зохицуулах үүрэгтэй уураг нийлэгжээгүй тохиолдолд хүмүүсийн идэвх буурч, залхуурдаг гэнэ. “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд мэдээлснээр уургийг нийлэгжүүлдэг ген зарим хүнд байдаггүйг эрдэмтэд тогтоожээ.
Канадын Макмастерийн их сургуулийн эрдэмтэн Грегори Стайнбергийн хэлснээр AMP (activated protein kinase) буюу эсийн энергийг хариуцдаг бодис ялгаруулдаг ген байдаг, энэ ген нь удамшлын эсвэл ямар нэгэн хүчин зүйлийн улмаас үгүй болсон тохиолдолд хүн залхуу болдог гэнэ. “Залхуурах бол нэг төрлийн өвчин. Харин биеийн болон оюуны ачаалал ихсэх, ядрах, сэтгэл санаа тавгүйтэх зэргээс болж хүний эрч хүч сулрахыг залхуурах гэж ойлгож болохгүй” хэмээн тэрбээр хэлжээ.
Тухайлбал, эрүүл хүмүүс биеийн хүчний ажил хийсний дараа тэдний энерги зохицуулах генийн ачаалал ихсэж ядардаг байхад залхуу өвчтэй хүмүүс ямар ч шалтгаангүйгээр зүгээр суудаг гэнэ. Эрдэмтэд судалгаагаа үргэлжлүүлэн залхууг эмчлэх арга хайж байгаа хэмээн тус сэтгүүлд онцолжээ.
Дашрамд хэлэхэд, одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 онд АНУ-ын Умард Дакота мужийн Шарлотт хотын судалгааны төвийн мэргэжилтэн Тимоти Лайтфут залхуу удамшдаг гэсэн дүгнэлтийг дэвшүүлж байсан аж.