Ливийн Жамахирийн удирдагч М.Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэж буй босогчид ардчилсан, шударга сонгууль явуулахаа мэдэгдсэн билээ. Хэзээ сонгууль болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч зохион байгуулалтын ажилд нь тусламж үзүүлнэ гэдгээ НҮБ мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Ян Мартин Триполид айлчлахдаа энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна.
Сонгуулийн бэлтгэл ажилд найман сарын хугацаа зарцуулна хэмээн Шилжилтийн үндэсний зөвлөл үзэж байгаа аж. Гэхдээ 1977 онд Жамахирийн засаглал тогтсоноос хойш Ливид ардчилсан сонгууль болж байгаагүй тул хүндрэл учирч магадгүй хэмээн ажиглагчид онцолж буй. Эхний ээлжинд Үндэсний ассамблейн 200 гишүүнийг сонгож, дараа нь бүх нийтийн сонгууль явуулахаар босогчид төлөвлөж байгаа гэнэ. “Сонгуулийн тогтолцоо, санал хураах, тоолох комисс, ажиглагчдын бүрэлдэхүүнийг хамгийн түрүүнд тодорхойлох хэрэгтэй” хэмээн НҮБ-ын тусгай төлөөлөгч Ливийн Дотоод хэргийн яамныхантай уулзахдаа хэлжээ.
Босогчид одоогийн байдлаар Ливийн газар нутгийн 90 орчим хувийг эзлээд байгаа юм. Үүний зэрэгцээ НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Ливид явуулж буй цэргийн ажиллагаа дуусах дөхөж байгаа хэмээн мэдэгдсэнийг “Euronews” дамжууллаа. Дашрамд хэлэхэд, НҮБ-аас гаргасан шийдвэрийн дагуу НАТО-гийн явуулж буй ажиллагаанд Итали улс оролцохоор болжээ. Италийн Усан цэргийн албаныхан Ливийн иргэдийг хамгаалах аж.
Х.ОДОНЧИМЭГ