Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна.
Яг одоо аймгийн удирдлагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна.
Дархан-Уул аймаг нөхөн сэргээлт, ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, газрын доройтлыг бууруулах замаар иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Ногоон Дархан” төсөл анх боловсруулжээ.
“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд 3 зорилт 14 үйл ажиллагаа төлөвлөсөн аж.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, аймгийн хэмжээнд 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийн, хамгаалалтын зурвас байгуулж, 20.0 сая мод тарьж ургуулна. Ингэхдээ,
- Аймгийн ойн сан болсон Зулзагын голд 10 сая нарс мод тарих
-Үлдсэн 10 сая модыг жилд нэг иргэн 10 мод тариснаар 2032 оныг дуустал Дарханд 20 сая мод тарисан байх судалгааг гаргажээ.
Дархан-Уул аймаг нийт 103 мянган иргэнтэй. Үүний 80 орчим мянган иргэн нь Дархандаа тогтмол сууршин амьдардаг.
Шарын гол, Хонгор сумынхан тус бүр 1 сая мод тарих бол Орхон сумынхан 500.000 мод тарих юм.
Дархан суманд 11 жилийн хугацаанд 7,5 сая мод тарихаар төлөвлөж буй бөгөөд жилд дунджаар 680.000-750.000 мод тарих юм байна.