Хөгжлийн банкны шинэ удирдлага Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн шийдвэрээр Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг аваад 14 хонолоо. Энэ хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулахад анхаарч ажиллалаа. Мөн Хөгжлийн банканд өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим төгрөгийн үнийн дүн бүхий. Хамгийн удаан хянагдаж байгаа нь "Монгол драйв милк"-тэй холбоотой хэрэг. Анхан шатны шүүхэд 886 хоног болж, хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт, Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байна.
Ямар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтад тулгуурласан байх ёстой. Зээл төлүүлэх ажиллагаанд нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх баримтын бүрдүүлбэр дутуу байна. Иймээс нотлох баримт устгагдсан эсэх талаар шалгалт явуулахад 47 зээлийн материалын зээлийн бүрдүүлбэр дутуу, ажилчид баримт бичиг хүлээлцэхдээ устгагдсан зөрчил гарсан.
Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны зүгээс өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхтэй холбоотой мэдээллийг олон нийтэд танилцуулсан. Үүнээс хойш манай банканд муу зээлийн эргэн төлөлтийн тодорхой хэмжээний ахиц гарч байна. Өчигдрийн байдлаар нийтдээ 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн.
Гэхдээ манай муу зээлийн актив 1.8 орчим их наяд төгрөг болсон. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид Гүйцэтгэх захирлын тушаалаар муу зээлүүдэд газар дээр нь барьцаа хөрөнгийн үнэлгээ зэрэг хяналт шалгалтын ажил хийж байна. Энэ ажил 75 орчим хувьтай явж буй. Түүнчлэн УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсан.