Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар “Капитал Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт эд хөрөнгө суутган авах тухай асуудал хэлэлцлээ. Хурлаар өр төлбөрт тооцож авах боломжтой хөрөнгийг танилцуулж тэдгээрээс нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 86 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутгаж авахыг зөвшөөрч баталлаа. Ингэснээр Нийгмийн даатгалын санд Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байна.
Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банканд байршиж байсан бөгөөд үүнээс 7.7 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд шилжиж орж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлж авсан бөгөөд 74 тэрбум төгрөгийн авлага үлдээд байсан.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанд татан буугдсан Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлын явц байдлыг танилцуулсан. Улмаар банкны эрх хүлээн авагчийн хөрөнгийг шилжүүлж авах, дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг холбогдох санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдсан аж.
Капитал банкнаас битүүмжлэгдсэн хөрөнгөд:
• 52.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний 44 объект,
• 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 үйлдвэр,
• 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий 46 орон сууц,
• 26.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 82 газар,
• 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4 зоорь,
• 656 сая төгрөгийн үнэ бүхий барьж буй 3 барилга,
• 228 сая төгрөгийн үнэ бүхий фермийн 7 барилга,
• 564 сая төгрөгийн үнэ бүхий 6 гарааш багтаж байна. Үүнээс 86-г нь Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт суутган авахаар болжээ.