Цөмийн хаягдлын талаар ихээхэн шуугиан болж байгаа билээ. Японд болсон Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа дэлхий дахинд ч энэ асуудал хурцадмал болоод байгаа. Энэ талаар Японы “Майничи шимбүн” сонин Тайваний Засгийн газрын дэргэдэх Цөмийн асуудал эрхэлсэн хорооны захирал Юантай энэ сарын 2-нд ярилцлага хийжээ. Юан захирал цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд Тайвань Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт IAEA-д элсэх хэрэгтэй гэж онцлоод IAEAгаас зөвшөөрөл авч, Олон улсын цөмийн хог булшлах байгууламж барих ажлаа түргэвчлэх хэрэгтэй. Бид бага зэрэглэлийн цацраг идэвхт бодис хадгалах агуулахыг ирэх жил БНСУ-д, харин дунд зэрэглэлийн цацраг идэвхт бодис хадгалах газрыг Хятадын эрэг орчмын нэгэн арал дээр барих гэж байгаа хэмээн ярьжээ.
Юан захирал “Хятадын арал хад асга ихтэй болохоор цөмийн хаягдал хадгалахад тохиромжтой. Нутгийн иргэд эсэргүүцэх л байх. Гэхдээ бид 1992 оноос хойш Хятадтай цөмийн эрчим хүчний талаар мэдээлэл солилцож байгаа. Энэ жил хамтран ажиллах гэрээ байгуулах болно. Хятад улс ч энэ арал дээр Цөмийн агуулах барих бодолтой байгаа” гэж ярьсан байна. Америк, Япон улсууд Монголд цөмийн оршуулгын газар барихаар төлөвлөж байгаа талаар “Майничи шимбүн” сонины сэтгүүлч асуухад “Сонирхолтой л төлөвлөгөө. Гэхдээ Монголын Засгийн газар ийм яриа гараагүй гээд эсэргүүцээд байгаа болохоор би хамаагүй юм ярьж болохгүй байна” хэмээгээд хариулахаас татгалзжээ.