Ливийн Жамахирийн удирдагч, хурандаа М.Каддафи гэр бүлийнхний хамт Ливиэс гарч Алжирт орогнож байгаа гэх таамаглал өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Энэ таамаглал үнэн болох нь батлагдсан тухай дэлхийн хэвлэлүүдэд мэдээлжээ. М.Каддафи, түүний эхнэр Сафиа Фаркаш, охин Аиша болон хүү Мухаммед, Ганнибал нь эх орноо орхин, манай улсад ирсэн хэмээн Алжирийн Дотоод хэргийн яам мэдэгджээ. Их Британийн “Sky News” телевизийн мэдээлснээр М.Каддафийнхан Алжираас гарч өөр орон руу явсан гэнэ. Харин Ливийн босогчид М.Каддафи Алжирт одоо хүртэл байгаа хэмээн мэдэгдсэнийг АР дамжуулав. Алжирийн Засгийн газар М.Каддафийн гэр бүлийнхний аюулгүй байдлыг хангаж, өөр орон руу дүрвэн гарахад нь тусална хэмээн Шилжилтийн үндэсний зөвлөлийн тэргүүн төлөөлөгч Махмуд Шаммам үзэж байгаа аж. Үүний зэрэгцээ М.Каддафийг эх оронд нь эргүүлэн авчрах хүсэлтийг босогчид Алжирийн эрх баригчдад тавьсан ч тэд хариу өгөөгүй байна. Алжирчууд хурандааг гэр бүлийнх нь хамт орогнуулж байгаа нь Ливийн ард түмнийг өдөөн хатгаж байгаа явдал хэмээн Шилжилтийн үндэсний зөвлөл мэдэгджээ. Дашрамд хэлэхэд, Ливид иргэний дайн эхэлснээс хойш Алжир улс босогчдын байгуулсан Шилжилтийн үндэсний зөвлөлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд НАТО-гийн явуулж буй цэргийн ажиллагааг буруушаасан юм. Түүнээс гадна Ливийн иргэний дайн дуусах үед босогчдын хэрэглэж байсан зэвсгийг Алжирт үйл ажиллагаагаа явуулдаг алан хядах бүлэглэлүүд худалдан авч магадгүй хэмээн ажиглагчид үзэж буй. Хэрэв ингэвэл тус улсад ноцтой аюул заналхийлнэ хэмээн Алжирийн эрх баригчид болгоомжилж байгаа билээ.