Огцрох өргөдлөө өгсөн Ерөнхий сайд Наото Каны оронд Сангийн сайд Ёшихико Нодаг томилох хүсэлтэй буйгаа Японы эрх баригч Ардчилсан намын гишүүд илэрхийлжээ. АР агентлагийн мэдээлснээр тус улсын Парламентын гишүүдийн дунд явуулсан санал асуулгын дүнд Ёшихико Нода 215 санал авч ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан Үйлдвэрлэлийн сайд Банри Каиедугийн төлөө 177 хүн саналаа өгчээ.
Ерөнхий сайд Наото Кан огцрох тухай өргөдлөө энэ сарын 26-нд гаргасны дараа эрх баригч нам тэргүүнээ сонгож, шинэ Ерөнхий сайдыг сонгох шийдвэр гаргасан билээ. Ёшихико Нода Ардчилсан намын тэргүүнээр сонгогдсоныхоо дараа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн гуравдугаар сард япончуудад нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахын төлөө хичээн ажиллана. Япон улсын эдийн засгийг хэвийн байдалд хүргэж, цаашид улам хөгжүүлэхийг чармайна” гэсэн байна.
Х.ОД