Одоогоос хэдэн сая жилийн тэртээ Ангараг гариг дээр мөсөн далай байсан хэмээн “Nature geoscience” сэтгүүлд мэдээлжээ. Ангараг гаригийн хөрсний бүтцийг судалж буй АНУ-ын эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн аж. Тус гаригийн хөрсний давхаргууд хоорондоо харилцан адилгүй, тухайлбал хөрсний хамгийн дээд талын давхарга нь хуурай, харин хоёр, гуравдугаар давхарга нь чийглэг байсан гэнэ.
Энэ нь олон сая жилийн өмнө тус гаригийн хойд хэсэгт томоохон мөсөн далай байсны ул мөр гэж эрдэмтэд үзэж байгаа аж. НАСА-гийн Судалгааны төвийн астробиологч Альберто Файрен “Олон талаас нь тууштай судалгаа хийсний дүнд бид ийм дүгнэлтэд хүрсэн. Ангараг гариг дээр мөсөн далай байсныг гэрчлэх олон зүйл тус гаригийн эрдэс, хөрсний бүтэц, найрлагад агуулагдаж үлдсэн” гэж ярьжээ.