Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж, иргэдэд нохойн чарганы үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд байгаль орчин бохирдуулж байгаа талаар албаныхан мэдээлэв.
Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн эхэнд буюу Туул голын эхэнд суурьшлын бүс бий болгож, нохой чарга ажиллуулдаг компаниудад зөвшөөрөл олгосноор Улаанбаатар хотын ард иргэдийн ундны ус бохирдох зэрэг ноцтой асуудал үүссэн. Үүнийг төр засгийн хэмжээнд авч үзэж, шийдвэрлэхгүй бол болохгүй боллоо гэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг нөхцөл байдалтай биечлэн танилцах үеэр ярьжээ.
Тэрэлжид нохойн чарганы үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн байгууллага байдаг ба дунджаар 200-300 нохой байдаг аж. Ноход мөстсөн гол дээр байхдаа өдөрт 4-6 удаа хүнд, хөнгөнөөр бие засаж, хавар мөс хайлахтай зэрэгцэн голын усыг бохирдуулдаг байна. Дээрх үйлчилгээг эрхэлдэг аж ахуй нэгжүүд байгаль орчин бохирдуулсны төлбөр, татвар гэж төлдөггүй юм байна.