АНУ-ын өмнөд бүсийн эрэг орчмоор дэгдсэн “Айрин” хар салхины улмаас одоогийн байдлаар есөн хүн нас барсан тухай ВВС мэдээлэв. Өнгөрсөн бямба гаригийн орой гэхэд тус бүсэд оршин суудаг нэг сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Куба, Гаити, АНУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй хар салхи Багамын арлууд руу чиглэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ. Гэхдээ салхины эрч суларч байгаа тул хохирол учруулах нь бага хэмээн тэд үзэж байгаа аж. АНУ-ын Виржинигээс Массачусетс муж хүртэлх бүсэд онцгой байдал тогтоожээ.
Түүнээс гадна Нью-Йоркт нийтийн тээвэр зогсож, метро ажиллахгүй байгаагаас гадна нисэх буудлуудыг түр хугацаагаар хааж, орон нутгийн болон олон улсын нислэгүүдийг хойшлуулаад буй. Байгалийн гамшигт Умард Каролина мужийн оршин суугчид хамгийн их нэрвэгдсэн хэмээн CNN мэдээллээ. Замын ойролцоох моднууд хүчтэй салхинд булгарч унахдаа машинд явж байсан хүмүүсийг дарсан тохиолдол ч гарсан байна. Мөн гэрлэн дохиолол ажиллахгүй болсны улмаас осол гарч хүний амь үрэгдсэн аж.
Виржини, Флорида мужид үргэлжилсэн ширүүн борооны улмаас үер болж, хоёр хүн сураггүй болсон гэнэ. MSNBC телевизийн мэдээлснээр амь үрэгдэгсдийн дунд хоёр хүүхэд байжээ. Делавэр мужийн Льюис хотод 17 барилга хар салхинд өртөж нурсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Гэхдээ тус улсын Аюулаас хамгаалах албаныхан “Хар салхинаас иргэдээ сэрэмжлүүлж, урьдчилан арга хэмжээ авсан тул бага хохирол учирсан” хэмээн мэдэгдэв. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Умард Каролина, Виржини, Мерилэнд мужид хөл хорио тогтоож, архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон хэвээр байна. Бостон, Нью-Йорк, Нью-Жерси, Филадельфи, Балтиморт нийтийн тээвэр зогсож, гар утасны сүлжээ, интернэт доголджээ.
Тус улсын Үндэсний гвардын 100 мянган цэрэг, усан цэргийн албан хаагчид бэлэн байдалд ажиллаж, Аюулаас хамгаалах албаныхан гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлж байгаа аж. Түүнчлэн дээрх мужийн оршин суугчдад хүнс, дулаан хувцас, эм тариа олгож эхэлжээ.
Х.ОДНОО