Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн диализийн аппаратын сэлбэг хэрэгсэл тасарснаас үйл ажиллагаа нь тасалдсан гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн дунд тархав. Ингэснээр бөөрний архаг дутагдалтай 1000 гаруй хүний амьд явах баталгаа алдагдсан тул Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар тэргүүтэй холбогдох албаныхан уг асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэхийг иргэд шаардсан. Тэгвэл эл нөхцөл байдлын талаар УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргалаас тодруулахад “Манай эмнэлэгт диализийн гурван аппарат бий. Бүгд хэвийн ажиллаж байгаа. Өглөө, өдөр, орой гэсэн хуваариар эмчлүүлэгсдийг хүлээж авдаг. Ингэснээр өдөрт есөн хүнд үйлчилдэг. Иргэд манай эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн “Medvic” диализийн төвийг андуурч ойлгосон бололтой. Тус төвийн үйл ажиллагаа түр хугацаанд доголдсон гэсэн мэдээлэл бий” гэв. “Medvic” нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг буюу УНТЭ-ийн диализийн тусламж, үйлчилгээний зарим хэсгийг хариуцдаг төв юм байна.