АНУ-ын “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ. Жил бүр гаргадаг уг жагсаалтын энэ оныход ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нэгдүгээрт бичигдсэн аж. Өнгөрсөн жил Америкийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн дараа орж байсан тэрбээр сүүлийн дөрвөн жилд уг жагсаалтын эхний байруудад багтаж байв.
Хоёрдугаар байрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон орж, түүний араас Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дилма Русефф удаалсан аж. Жагсаалтын дөрөв, тавдугаар байрт “PepsiCo” компанийн тэргүүн Индра Нуйи, “Facebook” сүлжээний үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг нар орлоо.
Харин өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлсэн Мишель Обама энэ удаа наймдугаар байрт бичигдсэн бол ОУВСгийн тэргүүн Кристин Лагард, телевизийн хөтлөгч Опра Уинфри нар түүний араас жагсчээ. Уг жагсаалтад багтсан эмэгтэйчүүдийн 65 нь АНУын иргэн аж. Нөлөө бүхий бүсгүйчүүдийн хамгийн залуу нь 25 настай Лэди Гага байсан бол хамгийн ахмад нь өдгөө 85 настай II Элизабет байв.