Усны аюулгүй байдал алдагдсанаас, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүйгээс, эрүүл, мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжгүйгээс жил бүр олон сая хүн өвчилж, нас барсаар буй. Хүрээлэн буй орчны доройтол, нийгмийн тогтолцооны гажуудал, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэй ийм өвчинд халуун бүсийн ядуу буурай орны иргэд хамгийн их өртдөг. Гэвч эл асуудлыг анзаардаггүй, мэддэггүй хүн дэлхий дахинд олон. Энэ чиглэлд хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр цөөн, санхүүжилт хязгаарлагдмал. Тиймээс үүнийг халуун бүсийн анзаарагддаггүй өвчнүүд (Ne¬glected tropical diseases) гэж албан ёсоор нэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал эрчимжиж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихсэн, хүрээлэн буй орчны тогтвортой байдал ихээхэн ал дагдаж байгаа нь эл өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэх шалтгаан болж буйг ДЭМБ-аас мэдээллээ. 2019 онд 687, 2020 онд 757, 2021 онд 880 сая гаруй хүн ийм шалтгааны улмаас хүндээр өвджээ. Эдгээр нь 2000 оны үеэс 30-45, 2010 оныхоос 15-24 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
ДЭМБ-аас гаргасан эл өвчний нөхцөл байдлын талаарх тайланд “Хүн амын өсөлт, эдийн засгийн хямрал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, боловсролын хүртээмж зэрэг олон хүчин зүйл халуун бүсийн анзаарагддаггүй өвчний суурь нөхцөл болсоор ирсэн ба эдгээрээс дутахгүй хор нөлөө учруулж буй өөр нэг шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт юм” гэжээ. Энэ төрлийн өвчнөөс сэргийлэхийн тулд жилд дунджаар 1.7 тэрбум хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах шаардлагатай гэсэн тооцоог дээрх олон улсын байгууллага гаргасан байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл