Ливийн нийслэл Триполигоос ирүүлж буй мэдээнд үнэмших хэцүү болоод байна хэмээн гадаадын хэвлэлүүд онцолжээ. Сүүлийн долоо хоногт Ливид болж буй үйл явдлын талаар хоорондоо зөрчилдсөн, үнэмшихэд бэрх мэдээлэл газар авч байгаа нь ингэж бодоход хүргэж байна хэмээн ВВС-гийн сурвалжлагч өгүүлэв. Гэхдээ босогчид Ливийн удирдагч М.Каддафийн өргөөг эзэлсэн ч тэрбээр хүүхдүүдийн хамт аюулгүй газарт байгаа нь баттай боллоо. М.Каддафийн хүү Сайф аль-Исламыг баривчилсан хэмээн тэргүүлж буй Мустаф Абдель Жалилийн мэдэгдсэн нь ташаа байсан нь тогтоогдов. Үүний зэрэгцээ энэ сарын 23-нд босогчид М.Каддафийн өргөө, мөн зэргэлдээ орших цэргийн баазыг эзэлсэн юм.
Босогчид хэдэн цагийн турш цэргийн бааз руу довтолсны дүнд М.Каддафийн гол түшиц болсон энэ газрыг эзэлсэн хэмээн “Ройтерс” мэдээлжээ. Хурандаагийн өргөөнд дайран орсон сөрөг хүчнийхэн ялалтаа хэрхэн тэмдэглэж байгааг CNN дамжуулсан. Ялалтаа тэмдэглэх үеэр босогчид өргөөг тонож, үнэтэй бүхнийг нь зөөж байсныг ч харуулав. Энэ бүх зүйл болж байх зуур өргөөнөөс холгүй орших “Риксос” зочид буудалд мэдээллийн агентлаг, телевизүүдийн ажилтнууд, сурвалжлагчид толгой хоргодсооор байна. Хуаранг эзлэх үеэр зугтаж амжсан М.Каддафийн цэргүүд ч уг зочид буудалд байгаа хэмээн ажиглагчид үзэж байгаа аж. “Риксос”-т ойролцоогоор гадаадын 35 иргэн (тэдний 31 нь сэтгүүлч), Ливийн зарим эрх баригч гэр бүлийнхнийхээ хамт байж магадгүй гэнэ.
НАТО-гийнхан ч, босогчид ч тэдэн рүү одоогоор дайрах боломжгүй, түүнээс гадна М.Каддафийн цэргүүд зочид буудлыг бүсэлж, сэтгүүлч, гадаадын иргэдийг гаргахгүй байгаа юм. Босогчид М.Каддафийн өргөө болон цэргийн баазыг гартаа оруулснаас гадна Мисурата, Злитан хотын дийлэнх хэсгийг хяналтдаа аваад буй. Тэд одоо Рас-Лануф хотыг эзэлж чадвал хурандаагийн төрөлх хот Сирт рүү довтлохоор төлөвлөж байна хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм. Ливийн босогчдын байгуулсан Шилжилтийн үндэсний зөвлөлийг засгийн эрх барих хууль ёсны байгууллага хэмээн Америк, Европ, Африк, Азийн орнууд хүлээн зөвшөөрөөд байгаа энэ үед хурандаа М.Каддафийн хувь заяа хэрхэх талаар таамаглал бүрхэг байна. Түүний армид хүчин зүтгэж байсан цэргүүдийн зарим нь эх орноосоо дүрвэн гарч, зарим нь босогчидтой нэгдэн, нөгөө хэсэг нь энгийн ард болсон.
Хамтран зүтгэгчдээс нь М.Каддафид үнэнч үлдсэн хүмүүс, хурандаагийн гэр бүл, босогчидтой харьцуулбал цөөн хэдэн цэрэг л Ливийн удирдагчийн дэргэд байгаа гэнэ. Үүний хажуугаар босогчид М.Каддафийн толгойг авчирсан хүнд их хэмжээний мөнгө өгнө хэмээн амлаж байна. “Ливийн удирдагч гэр бүлийнхээ хамт аюулгүй газарт байгаа” хэмээн ВВС мэдээлэв. Гэхдээ энэ аюулгүй газар нь Ливийн аль нэг хот гэж таамаглах хүн цөөнгүй. Босогчид Ливийн томоохон хотуудыг эзэлсэн энэ үед тэрбээр нэг газарт удаан хугацаагаар байж чадахгүй нь мэдээж. Басхүү аль нэг орон руу дүрвэх нь ч хүндрэлтэй болоод байна. Гэвч жамахирийг 40 жил удирдаж чадсан хүн дайснууддаа тийм ч амархан бууж өгөхгүй, мөн баригдахгүй гэж ажиглагчид онцолжээ. Тэрбээр Нигер, эсвэл Чадад орогнож магадгүй гэнэ.
Мөн ӨАБНУ, Венесуэл рүү ч дүрвэж болзошгүй аж. Хурандаагийн хувь заяа яаж ч эргэсэн бай, Ливийн Засгийн газрыг тэрбээр цаашид удирдахгүй нь тодорхой боллоо. М.Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэж буй босогчдын гарт төр барих эрх мэдэл очлоо гэхэд ард түмэн амар тайван, сэтгэл хангалуун, ардчилсан нийгэмд аж төрнө гэсэн баталгаа ч бас алга. Босогчдыг удирдаж буй хүмүүсийн хооронд эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гарч, иргэний дайн улам сунжирч ч мэднэ хэмээн тоймчид мөн онцолж буй.
Х.ОД