Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Он гарснаас хойш дөрөвдүгээр долоо хоногт 50 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол тавдугаар долоо хоногт энэ тоо 22 мянга болж, 50-аас дээш хувиар буурлаа. Өөрөөр хэлбэл, PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь Омикрон давлагааны оргил үед 29-30 хувьд хүрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 20 хувь буурсан үзүүлэлт гарсан.
Коронавирусийн альфа болон дельта хувилбараас омикроны нас баралт, хүндрэлийн үзүүлэлт харьцангуй бага хэдий ч бага насны хүүхдүүд болон ахмад настнууд халдварт ихээхэн өртсөн гэх тоон мэдээлэл бий.
Харин эмнэл зүйн нэн хүнд буюу эрчимт эмчилгээний заалттай хүний тоо улсын дунджаар нэг хувиас, хүчил төрөгчийн аппарат шаардлагатай хүнд хүний тоо 10 хувиас хэтрэхгүй байна. Харин ХӨСҮТ-д байгаа хүнд оноштой өвчтөний тоо улсын дунджаас 3-6 дахин их байгаа. Тодруулбал, ХӨСҮТ ихэвчлэн хүнд эрэмбийн хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Халдвар авсан иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6,000 орчим ор дэлгэсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод 2,500 ор, орон нутагт 3,200 ор дэлгэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж буй. Энэ нь халдварын тархалт Улаанбаатараас орон нутаг руу шилжсэнийг илэрхийлж байна.
Улсын дунджаар нас баралтын индекс 0,24 хувьтай байна. Тухайлбал, Дархан, Говьсүмбэр, Орхон, Хэнтий, Төв аймагт нас баралтын индекс өндөр байна" гэлээ.