Каддафийн эсрэг босогчид газар нутгийн 90 хувийг хяналтдаа авснаар “Шинэ Ливи” мэндэллээ хэмээн тунхаглаж байна. Ливийн удирдагч Муаммар Каддафи ч мөн тэмцлээ зогсоосноор тус бүс нутагт энх тайван байдал цогцолж мэдэх нь. М.Каддафи өчигдөр шөнө агаараар “Ариун Триполийг хархнууд, урван тэрслэгчдээс цэвэрлэе” хэмээн уриалсан тухай Арабын мэдээллийн агентлагууд дамжуулав. Гэвч өдгөө нөхцөл байдал “харх”-нуудын талд ашигтайгаар эргэж байна.
Босогчид “Шинэ Ливи”-ийг зарлан тунхагласны дараа Каддафийн өөрийн төлөөлөгч Муса Ибрагимаараа дамжуулан “Та нарын Ливи нэг сар, үсрээд л жилийн настай байх болно. Би иргэж ирнэ” хэмээжээ. Гэвч энэ сүрдүүлэг босогчдыг айлгаагүйгээр барахгүй Триполи даяар ялалтын баярын уухай нижигнэж байна. Босогчид болон тагнуулынхан М.Каддафийг хаана орогнож байгааг баттай мэдээгүй ч, “Rixos” зочид буудалд байх магадлалтай. Учир нь уг зочид буудалд хэнийг ч оруулахгүй хорьж, өчигдөр өглөө босогчид руу гал нээжээ.
Өдгөө Триполид Улаан загалмайн нийгэмлэгийнхэн болон олон улсын энхийг сахиулагчид ирж, эмх замбараагүй байдал дахин эхлэ хээс сэргийлж байгаа аж. Каддафийн эсрэг босогчид түүнийг зугтаж мэднэ хэмээн Олон улсын нисэх буудлыг бүсэлжээ. Мөн тэд Баб аль Азизияагаас М.Каддафийн гэр бүлийнхнийг олсон байна. Каддафийн ялагдал бусад оронд ч “таалагдаж” байгаа бөгөөд БНСУ-ын Засгийн газар “Шинэ Ливи”-д сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдэв.
“Эрх чөлөө, ардчиллаар цангаж байсан ливичүүдэд хүнсний тусламж, мөнгө хэрэггүй. Бидэнд олон улсын зүгээс дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн ялалтын баяр тэмдэглэж буй босогчид ярьжээ. 42 жилийн турш М.Каддафийн “төмөр гинж”-нд хүлэгдсэн ливичүүд ийнхүү эрх чөлөө, ардчилалтай золголоо. Гэхдээ мартаж болохгүй, Муаммар Каддафи амьд.
Т.ЖИГҮҮР