БОАЖЯ 22 төрлийн тусгай зөвшөөрөл олгож, 10 орчим төрлийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг. Тэгвэл энэ оноос 16 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болгохоор төлөвлөжээ. Тодруулбал, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны аудит хийх эрхийг цахимаар олгох нь. Газрын хэвлийн, байгалийн ургамлын, ус, цаг уур, орчны, ойн болон усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээг мөн цахим системийн тусламжтайгаар шийдэх нь. Тэрчлэн аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, химийн хорт болон аюул тай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, ан агнах, загас барих, амьтны гаралтай түүхий эд гадаадаас оруулах, байгалийн ургамал, ойн дагалт баялаг экспортлох, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа эрхлэх эрхээ “дэлгэцийн цаана”-аас авах боломжтой аж. Тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болсноор иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна мэдээллийн ил тод байдал сайжирна хэмээн тус яамныхан үзэж байна.