Сирийн Ерөнхийлөгч Башар аль Асад ирэх оны хоёрдугаар сард Парламентын сонгууль явуулахаар болсон тухайгаа мэдэгдэв. Энэ нь олон улсын зүгээс ирж буй эсэргүүцлийг намжаах гэж буй ядмаг мэдэгдэл хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Тэрбээр “Таван сар үргэлжилж буй эмх замбараагүй байдлыг улс төрийн аргаар шийдэхээс өөр арга алга” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар зэхэж буйгаа дуулгасан байна.
Түүнийг АНУ болон Европын холбооны орнуудын удирдагчид эсэргүүцэж, суудлаасаа огцрох ёстой хэмээн шаардаж байгаа ч тэр энэ бүхнийг үл тоосон хэвээр. Ямартай ч улсынхаа төв телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр огцрох бодолгүй, харин ч үүсээд буй нөхцөл байдлыг өөрөө шийднэ, гаднын улсууд хошуу дүрэх хэрэггүй хэмээн давилуун мэдэгдэл хийжээ. Мөн “Сири рүү довтолсон ямар ч дайралтад хариу үйлдэл үзүүлэх болно” хэмээсэн нь дэлхий нийтийн дургүйцлийг хүргэж байна.
Сири улс хэзээ ч өлсгөлөнд нэрвэгдэхгүй. Яагаад гэвэл манай улс бүсийнхээ эдийн засгийн үндэс болох газар зүйн байрлалтай ба өөрсдийгөө хангах чадвартай. Тиймээс Сирийг бүслэхийг завдсан оролдлого ойролцоох гэмгүй улс орнуудыг хэлмэгдүүлэх болно гэдгийг анхааруулав. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Сирийн Засгийн газрын хэрэгжүүлж буй аймшигт харгислалыг цохон тэмдэглээд, АНУ дахь Сирийн Засгийн газрын ямар ч өмч хөрөнгийг эдийн засгийн эргэлтээс гаргах тушаал гарган, Сирийн АНУ руу импортолж буй газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавьжээ.
Тус тушаал нь АНУ-ын санхүүгийн зах зээлд Сирийн тал оролцохыг хааж, АНУ-ыг Сири улстай ямар нэгэн бизнес хийхийг давхар хориглосон байна. Европын холбоо мөн адил Ассадын дэглэмтэй тэмцэх аргаа өргөтгөхөөр зэхэж байна.
О.ДАРЬ