ОХУ-ын тулааны алдарт тамирчин Расул Мирзаев хүн амины хэргээр энэ сарын 19- нд баривчлагджээ. Мэргэжлийн тулааны дэлхийн аварга тэрбээр Москвагийн оюутан залуутай муудалцаж, нударганы амт үзүүлснийг нь оюутан даасангүй ухаан алдан унасан бөгөөд эмнэлэгт дөрөв хоног хэвтсэний эцэст нас барсан байна. “Life News” агентлагийн мэдээлснээр тэд Москвагийн төвд орших “Гараж” клубын ойролцоо энэ сарын 13-нд муудалцжээ. Гэрчүүдийн мэдүүлснээр клубийн дэргэдэх талбайд 19 настай оюутан Иван Агафонов зайн удирдлагатай машинаар тоглож байсан гэнэ.
Иван Агафонов Расултэй хамт байсан бүсгүйд машинаар зугаалахгүй биз хэмээн сээтэн хаясан байна. Расул залууг яах гээд байгааг нь асуухад бүсгүйг чинь машинаар зугаалуулах гээд хэмээн хариулж. Ингээд л уур нь хүрсэн Расул машиныг нь өшиглөөд залууг ганц цохисон байна. Унахдаа замын хашлага мөргөсөн Иван хэсэг хугацааны дараа ухаан орсон ч хаа хамаагүй юм ярин, солиорч эхэлсэн тул найзууд нь эмнэлэгт хүргэжээ. Эмч нар эхлээд ямар ч гэмтэлгүй хэмээн хэлж байсан ч нарийвчилсан шинжилгээгээр Иваны тархи нь гэмтсэн нь тогтоогдож, эмчилгээ хийсэн ч ухаан орохгүй байсаар 18-нд нас баржээ. “Гараж” клубын хяналтын камер хэргийг бүрэн бичиж авсан тул Расул гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар тогтоогдсон байна.
Расул Мирзаев 19- нд Цагдаагийн газарт өмгөөлөгчийн хамт ирж, хэргээ хүлээн мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн танхимд хохирогчийн гэр бүлийнхнээс уучлал гуйсан байна. Түүний агент Камил Гаджиев “Үнэхээр харамсалтай явдал боллоо. Расул одоо яг оргил үедээ байгаа. Тэр Америкийн том байгууллагатай гэрээ байгуулж, алдар хүндийн оргилд гарах гэж байлаа. Одоо түүний тамирчны замнал баларсан. Ү н д э с т н и й үзэлт нүүд энэ явдлыг янз бү- рээр гуй вуу лан ярьж байгаа ч Расул түүнийг санаатай алаагүй. Энэ бол хэзээ ч хаана ч гарч байдаг жирийн осол” хэмээн халаглан ярьжээ. Расул дагестан үндэстэн бөгөөд алуулсан залуу орос байсан нь энэ хэрэгт олны анхаарлыг хандуулаад байгаа. ОХУ-ын тулааны урлагийн “М-1” лигийн ерөнхийлөгч Вадим Финкельштейн “Энэ бол спортын нэр хүндийг гутаасан явдал.
Иймэрхүү тамирчдыг дахин рингэнд гаргаж болохгүй” гэж мэдэгдсэн бол тулааны тамирчин Александр Емельяненко “Байнга бэлтгэл хийж байдаг мэргэжлийн тамирчин жирийн хүнтэй зодолдож болохгүй. Шөнийн клуб зэрэг зодоонд орох эрсдэл ихтэй газраар явснаас зааландаа бэлтгэл хийгээд сууж байх хэрэгтэй. Аргагүй байдалд орсон ч Расул толгой руу нь цохиж болохгүй байсан” гэж ярьж байна. Зарим хэвлэлд бичсэнээр мэргэжлийн тамирчид хүнийг хаана нь яаж цохихоо мэдэж байгаа тул ял нь хүндэрч, 15 жилийн хорих ял авах магадлалтай гэнэ. Расул Мирзаев – 25 настай, дагестан үндэстэн. 65.8 кг-ийн жинд тоглодог. Дэвжээний нэр нь “Хар бар”. Байлдааны самбогоор хичээллэж байгаад 2009 оноос тулааны төрөлд шилжсэн. Мэргэжлийн дэвжээн дээр таван удаа тоглож, бүгдэд нь ялалт байгуулсан. 2011 оны долдугаар сард Японы Масанори Канехараг хүнд цохилтоор ялсан нь түүний сүүлийн тоглолт байлаа. Америкийн “Bellator” байгууллагатай энэ сард гэрээ байгуулсан бөгөөд есдүгээр сард анхныхаа тоглолтыг хийх гэж байжээ.
М.СУГАРАА