Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын төлөвийг гаргажээ. Тухайлбал, хоёрдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4 градусаар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна.
Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар 1-2 градусаар хүйтрэх төлөв гарчээ.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.
Хур тунадас Баян-Өлгийн ихэнх нутаг болон Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар 1-4 градусаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 1-2 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна.
Сарын эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн днд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст 1-4 градусаар гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хагаст олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 1-2 градусаар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджааас 1-3 градусаар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар 1-4 градусаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөв гарчээ.
Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун аймаг (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төвийн аймаг (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
- Зүүн аймаг(Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говийн аймаг (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
1981–1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997–2001, 2008, 2012 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон бол 1988, 1990, 1993, 1996, 2002-2007, 2009-2011, 2013-2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон байна. Олон жилийн дунджаар Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10-18 см, бусад нутгаар 3-8 см зузаан цасан бүрхүүл тогтдог бөгөөд дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрч байжээ.