Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байгаа “Ази, Номхон далайн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх нь” техник туслалцааны буцалтгүй тусламжийн төслийн нээлтийн семинар болжээ.
Энэхүү төсөл нь 2021-2023 оны хооронд үргэлжлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшигт үзэгдлийг бууруулах чиглэлд бодлогын шийдвэр гаргагч нарын чадавхыг бэхжүүлэх зорилготой. Уг төсөл манай орноос гадна Азийн хөгжлийн банкны гишүүн Индонези, Армени улсуудад хэрэгжиж байгаа юм.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж “Энэ төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлуудыг хөгжлийн бодлого, улсын төсвийн төлөвлөлтөд тусгахад чиглэсэн. Тиймээс тус зорилтын хүрээнд бодлогын зөвлөмжүүдийг боловсруулах, уур амьсгалын эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, дасан зохицох олон улсын тэргүүн туршлагын сургалтын модуль боловсруулах зэргээр ихээхэн ач холбогдол өгч оролцогч талуудыг манлайлан ажиллана” гэдгээ илэрхийлэв.