Египет улсын Синай дүүрэгт орогнож байсан Бин Ладений эмч Рамзи Мовафиг тус улсын армийнхан баривчилжээ. Жаиш аль Ислам бүлэглэлийн гишүүн тэрбээр 12 хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа юм. Түүний орогнож байсан газраас их хэмжээний зэвсэг, тэсрэх бөмбөг илрүүлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Каирийн шоронгоос оргосноосоо хойш Рамзи энд орогнож байсан аж. Рамзи 15 настайдаа “Аль Каида” бүлэгт элсэж, тэр үеэс Бин Ладений эмчээр ажиллажээ. “Тэр маш аюултай хүн. Тора Бора дахь лабораторидоо олон хүний цогцос хадгалж, элдэв гаж туршилт хийж байсныг бид илрүүлсэн” хэмээн Египетийн армийн хурандаа Самех Сейфа аль Йэзэн ярьсан байна. Рамзи Моваф Египетэд орогнож байх үедээ террорист халдлага үйлдэхээр зэхэж байснаа хүлээжээ. Түүнчлэн “Аль Каида” бүлэглэлийнхэн олон улсад хэд хэдэн халдлага хийхээр төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа.
Тус бүлэглэлийн зүгээс албан ёсны мэдээлэл хийгээгүй ч Цагаан ордныхон болзошгүй халдлагаас сэрэмжилж байгаа аж. Учир нь “Аль Каида”-гийнхан палмкрист хэмээх нэг төрлийн хортой цэцэг их хэмжээгээр худалдан авч, химийн зэвсэг бэлдэж байгаа талаар АНУ-ын тусгай албаныхан мэдээлсэн байна. Энэхүү ургамлаас маш хортой дэгдэмхий хий гарган авч, тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд ашиглаж байгааг тогтоожээ. “New York Тimes” сонины мэдээлснээр уг тэсрэх бөмбөг дэлбэрэх үедээ агаарт хурдтай тархах аюултай аж. Бин Ладенийг устгасны хариуд “Аль Каида” бүлэглэлийнхэн өшөө авах нь мэдээж. Хэзээ, яаж гэдгийг тааж мэдэх хэцүү үүрэг АНУ-ын тусгай албаныхныг зовоож байна.
Ж.ТЭГШЖАРГАЛ