Сүүлийн үед Энэтхэгийн нэр нөлөө бүхий хэд хэдэн албан тушаалтан хэдэн арван тэрбум долларын хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа. Энэ хэрэг явдал ядууралд автсан Энэтхэгийн иргэдийг нэлээд бухимдуулж байгаа юм. Тиймээс хээл хахуулийн эсрэг иргэний хөдөлгөөний толгойлогч Анна Хазарэ өчигдөр өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн билээ. Харамсалтай нь өлсгөлөнгөө эхэлж ч амжаагүй байхад нь Энэтхэгийн цагдаа нар Хазарэг дугааргүй машинд суулган Дели дэх гэрээс нь авч явсан байна.
74 настай Анна Хазарэ “Хахуулийн эсрэг энэ тэмцэл эрх чөлөөний төлөөх хоёр дахь дайн мөн. Намайг баривчиллаа гээд энэ тэмцэл зогсохгүй. Өдрөөс өдөрт улам олон хүн хээл хахуулийн эсрэг тэмцэж эхэлнэ. Тэднийг бүгдийг нь баривчилсан ч болно. Харин шоронд жинхэнэ гэмт хэрэгтнүүд багтахгүй болох цаг ирэх вий” гэж баривчлагдах үедээ хэлжээ. Энэтхэгийн Сангийн сайд Пранаб “Хэн ч эсэргүүцлийн дуу хоолойг боох гээгүй. Эсэргүүцлээ илэрхийлэх нь хувь хүний эрх. Гэхдээ дүрэм журам гэж бас бий.
Аливаа жагсаал цуглаан үймээн самуунд хүргэж болзошгүй гэж бид болгоомжилж байгаа” гэж хэлжээ. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Манамоханы бодлоор бол өлсгөлөн зарлах нь хээл хахуулийг багасгахад ямар ч нэмэр болохгүй гэнэ. Хазарэг дэмжигч олон зуун хүн түүнийг баривчлагдах үед гэрийнх нь үүдэнд эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд Дээд шүүхэд давж заалдахаар зэхэж байна.
Б.НОМИНТҮШИГ